Нийслэлчүүдийн их хотын хөдөлгөөн, утаа униараас хэсэгхэн холддог үе бол амралтын өдөр. Энэ хоёр өдөр хүүхдүүдээ ууланд гулгуулах иргэдийн цуваа тасардаггүй. Мөн энэ эрэлтийг мэдэрсэн хуванцар чарганы бизнес ч өвөл цэцэглэж, амралтын өдрүүдээр ихээхэн гүйлгээтэй байдаг онцлогтой. Ялангуяа, сурагчдын амралт, шинэ жилийн баяр давхцсан хэд хоногийн чөлөөгөөр хүүхдүүдийнхээ уушгийг цэвэрлэж, хөл гарыг нь “тэнийлгэсэн” иргэд уул толгодыг бүрхэж өнжив.
Замын хажуугаас 5000-15000 төгрөгийн үнэтэй хуванцар чарга худалдан авч уул руу хурдлах дүр зураг хаа сайгүй. Гэвч олон хүний хөл хөдөлгөөнөөр эмх замбараагүй болж хүүхдүүдээ агаар амьсгалуулж гулгуулах нь битгий хэл гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байгааг анхаарахгүй бол болохгүй нь.
Ууланд гулгахаар очсон хүмүүс машинаа парклахгүйгээр хаа сайгүй орхидгоос болж хүүхдүүд гэмтэж байна. Уулын оройгоос хурдтай гулгаж буй хүүхдүүд чаргаа зогсоох боломжгүйгээс эрчээрээ хурдалж буй чарга бэл, хормой гээд хаа сайгүй орхисон машиныг мөргөх тохиолдол цөөнгүй. Эрчээрээ гулгаж очсон хүүхэд нүүрээрээ машин, шонгийн мод гээд зам тааралдсанаа мөргөнө. Тухайлбал, Буянт-Ухаа II хорооллын зүүн талын ууланд амралтын өдөр агаар салхинд гарч буй хүмүүс битүү байдаг. Гэвч 40 минутын хооронд л замбараагүй орхисон автомашиныг мөргөж хүүхэд бэртсэн тохиолдол 4-5 удаа гарсан юм. Эрчээрээ очиж автомашины дугуйг нүүрээрээ мөргөснөөс хамар нь гэмтэж, нүүр нь битүү цус болсон хүүхэд ч байв. Эцэг эхчүүд нь яарч сандран хүүхдээ эмнэлэг аваад явсан. Харин нь бусдын адил уулын хажуу бэлд машинаа паркалж тавиагүйгээс болж хүүхэд гэмтэхэд хүргэсэн хүмүүс жишим ч үгүй харагдсан. Уучлалт ч гуйсангүй. Тиймээс хүүхдүүдээ гулгуулахаар уул руу авч яваа бол өөрийнхөө болон өрөөлийн хүүхдийн аюулгүй байдлыг бодож хүүхдийн гулгах замаас автомашинаа холдуулж, бусдын адил паркалж тавих хэрэгтэй. Хэрэв таны эргэн тойронд хувиа хичээсэн хэнэггүй нэгэн таарвал нийтээрээ шаардлага тавьж соёлд суралцуулах хэрэгтэй.
Мөн хүйтэнд хөлдсөн хуванцар чарга замын голд хагарах, юм мөргөж хүүхдийг аюулд оруулахаас гадна хүүхдүүдээ чарганд суулгачихаад машинаараа чирээд явдаг хойрго томчууд ч байна. Хүүхдүүдээ машины утаагаар хордуулж, аюулд оруулж буйгаа ч ухаарахгүй байгаа нь харамсалтай. Харин чанаргүй хуванцар чарга хүүхдийг гэмтээхээс гадна мөнгө төлж авсан эд зүйлсээ нэг ч удаа ашиглаж чадахгүй хохирч буй үйлдэл юм. Ер нь хэн ч хаана ч явсан нийтийн аюулгүй байдал, эрх ашигт захирагдах учиртай. Үгүй бол өнөөдөр та, таны хүүхэд жаргалтай байсан ч өөр хэн нэгний хүүхэд бэртэх, уйлах болно. Үүнийг хэн ч хүсэхгүй нь лавтай. Тиймээс санамсар болгоомжгүй болоод хэнэггүй, залхуу хойргоосоо болж хэн нэгнийг битгий хохироогоорой.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр хоногт 300-450 гаруй хүн үйлчлүүлдэг. Үүний олонх нь хальтирч унасан, зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтсэн байдаг гэнэ.
Тухайлбал, хоёр машин хоорондоо мөргөлдөх, явган явж байгаад машинд мөргүүлдэг. Тэр дундаа 0-15 насны хүүхэд өдрийн болон оройн цагаар халтирах, юмнаас унах, машинд мөргүүлсэн тохиолдол цөөнгүй байдаг гэлээ. ГССҮТ-ийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны албанаас гаргасан судалгаагаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс сарын хугацаанд 11740 хүн осол, гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авсны 1000 гаруй нь халтиргаа гулгааны улмаас бэртсэн байна.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин