Монголын эмгэнэл
Төрийн шагналт зохиолч ба бөх гэж ганц Булган аймгийн нутгийн зөвлөлийг бичээгүй юм шүү! Ерөөсөө оюуныг дээдэлдэггүй, булчинг шүтдэг хандлагыг шүүмжилж байна!
Бөхтэй барьцлаа гэнэ! Барьцах ч юу байхав, байгаа жишээ нь бөх юм чинь! Ерөөсөө л улсын начин, заан төрлөө гэхээр нутгийн зөвлөл, нутгаас нь гаралтай компаниуд Нобелийн шагнал авснаас ч илүүтэй хөл болж, том том машин давхар давхар байраар байлаад явчихдаг нь үнэн шүү дээ!
Гэтэл тархиа шавхаж, чөмгөө дундалж том роман, дуурь, түүхэн жүжиг, кино, симфони бүтээсэн уран бүтээлчид, нээлт судалгаа хийсэн эрдэмтдэд болохоор, залуусын ярьдгаар "пүүжгээний" урамшуулал, дэмжлэг ч байдаггүй!
Нутагтаа сайн нэр зүүх гэдэг юмуу зарим нэг нь аймаг сумын номын санд хандив өгөх гэсийн, номоо бэлэглэ, нутгийн ойд мөнгө хандивла гэж л залгацгаана гээч! Тэр номыг чинь эд эсээ үхүүлэн байж бичээд, хэвлэх үйлдвэрт хэдэн саяар нь мөнгө төлж хэвлүүлдэг оюуны бүтээл, өртөг шингэсэн зүйл юм сан!
Ямарт нь хэдэн зуун сая, тэрбумаар бэлэг сэлт өгөөд, ямраас нь бүтээлийг нь хандивт нэхдэг юм болоо? "Оюун санааны тусгаар тогтнол нь материаллаг байдал дээр л тогтдог" гэж 19-р зуунд амьдарч асан Английн алдарт зохиолч Виржиниа Вульф "Өөрийн гэсэн өрөө" номдоо тунхагласан бий!
Харин ноднин Завханы нутгийн зөвлөл "Болор цом"-ын эзэндээ байр бэлэглэж нэг үлгэр үзүүлсэн! Булган анхдагчдын өлгий нутаг. Одоо ч бас Төрийн шагналт хоёрын 2 эмэгтэй зохиолчтой анхны аймаг болж байна! Оюуны бүтээлийг тасхийтэл үнэлж бас анхдагч болно гэж найдна!
Төр нь ч, нутгийн зөвлөл гэх жалга довныхон нь ч оюуны баялаг бүтээгчдээ үнэлдэг, шагнадаг, сайхан бүтээлээ хийхэд нь дэмждэг болоосой гэж зохиолчийн хувьд хүсч байна! "Амьд явбал улсын наадам үзнэ" гэж дуу алдсан Их зохиолч Дашдоржийн Нацагдорж ажил ч үгүй, амьдрал ч үгүй, хэлмэгдэж, гадуурхагдан гундуухан явсаар наадмын дараахан гудамжинд нас барж, Брежневийн зогсонги жилүүдэд соц нийгмийн гажгийг шүүмжлэн "Шувуу хүртэл буруу дэвээд байна..." хэмээн зоригтой дуугарсан найрагч Ринчений Чойном орон шорон дамжиж орон гэргүй явсаар айлд хэвтэж байгаад бурханд одсон.
Дашдоржийн Нацагдоржийн шүлгүүд, хэдэн сайхан өгүүллэг, бүр "Хөдөөгийн байдал шальдир бульдир..." гэх мэт онч үг өгүүлбэрээр нь хүртэл өнөөгийн Монголын оюун санаа амьсгалсаар, "Миний нутаг"-ийн мөр шад бүрээс нь эх орноо гэх бахархал, омогшлоор цэнэглэгдсээр, урам зориг авсаар зуун дамнаж байгаа болохоос аль начин, заан, арслангийн юугаар нь сэтгэл оюунаа тэжээж, хөгжиж урагшилж ирсэн юм бэ???? Үндэсний оюуны санааны дархлааг авч яваа сэхээтнүүд, авьяастнуудаа дэмжихгүй булчин шөрмөс шүтэх нь энэ Монголын эмгэнэл биш үү?!?
Б.Шүүдэрцэцэг