Австралийн түймэрт амиа алдсан аавынхаа медалийг НЭГ ОЙТОЙ ХҮҮ нь энгэртээ зүүлээ
Австралийн Виктория мужийн далайн эргийн хот Маллакотад өнгөрсөн сарын 31-нд ойн түймэр газар авч, эргийн дагуух наран шарлагын газарт 4000 хүн хашигдсан билээ. Хотын иргэд түймрээс зугтан далайн эрэг рүү очиж, завинд суун амьд үлджээ.
Австралийн тус бүс нутагт 40 хэмээс илүү халж, салхи дэгдэн нэг цагийн дотор 200 гаруй түймрийн голомт нэмэгдэж байжээ. Түймэр Маллакота хотоос гарах гол замуудыг хааж, аврагчид байшин барилга, эд хөрөнгөнөөс илүү хүмүүсийн амийг аврах нь чухал болоод байв.
Ойн түймрийн улмаас 500 сая гаруй ан амьтан шатжээ. Гэхдээ хувийн амьтны хүрээлэнгийн ажилчдын шуурхай ажиллагааны үр дүнд олон мянган амьтны амь аврагдсан байна. Гэмтэж, түлэгдсэн амьтдыг эмчилж байгаа аж.
Түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 20 давсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн дунд сайн дураараа гал унтрааж явсан 28 настай гал сөнөөгч ч байжээ. Мөн гал унтраахаар ажиллаж байгаад амиа алдсан 32 настай залуугийн эр зоригийн медалийг энэ сарын 2-нд түүний нэг ой гаруйтай хүүд олгосон байна. Шинэ Өмнөд Уэлс мужийн Гал түймэртэй тэмцэх алба гал сөнөөгч Жеффри Китоны оршуулгын үеэр зураг авч, нийтэлжээ.
Австралид өнгөрсөн арван нэгдүгээр сараас хойш ойн түймэр үргэлжилж байгаа билээ.