Хүний аминд хүрээд, оргосон этгээдийг эрэн сурвалжилж байна
Хан-Уул дүүрэгт байрлах “Наадам центр”-ийн хажуугийн замд машинаар мөргөж хүний амь нас хохироогоод хэргийн газраас оргон зайлсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, Чингисийн өргөн чөлөө “Наадам центр”-ийн баруун замд хэн болох нь тодорхойгүй 45-50 орчим насны эрэгтэй автомашинд мөргүүлсэн байдалтай олджээ. Улмаар гэмтсэн иргэнийг ГССҮТ-д яаралтай хүргэж эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч эрэгтэй гэмтлээ даалгүй амьсгал хураажээ. Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ба хүний амь нас хохироож, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна.