ТЦА: Зам тээврийн ослын дуудлага өмнөх долоо хоногоос 26.3 хувиар буурсан ч нас барсан хүний тоо хоёр дахин өссөн
Тээврийн цагдаагийн албанд сүүлийн дөрвөн хоногийн хугацаанд 878 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүн амиа алдаж, 24 хүн гэмтэж бэртжээ.
Зам тээврийн Ноцтой ослууд:
- 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13:45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын төвөөс урагш 5 км-т Toyota land cruiser маркийн автомашин Toyota Voltz маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 47 настай, эмэгтэй Г нас барсан.
- Энэ сарын 2-ны өдөр 21:50 цагийн орчимд СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Hyundai Grace маркийн автомашины жолооч явган зорчигч хоёр иргэнийг мөргөж, 35 настай, эрэгтэй А гэмтэж, 52 настай, эмэгтэй Ш нас барсан.
- Энэ сарын 2-ний өдөр 08:52 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс хойшоо 88 км-т Hyundai Sonata маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай, эрэгтэй Б нас барсан.
Мөн тухайн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 тохиолдол бүртгэгдсэн бол эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Зам тээврийн ослын шинжтэй дуудлага өмнөх долоо хоногоос 26.3 хувиар буурсан бол нас барсан хүний тоо хоёр дахин өссөн байна.
Иймд иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал сарниулах үйлдэл хийхгүй (гар утсаараа оролдох гэх мэт) байхыг ТЦА-аас анхааруулж байна.