Ерөнхийлөгч МАХН-ын саналыг хүлээж авсанд иргэд талархаж байна
МАХН 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад албан ёсны санал хүргүүлсэн билээ. Уг саналд Монгол Ардын Хувьсгалт Нам сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, 150 гаруй сум, олон арван баг, хороонд хүрч иргэдтэйгээ нүүр тулан уулзаж тэдний санал бодлыг сонсох явцад дийлэнх олонхи нь өрийн дарамтад орж Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, амьдрах эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаагаа учирласан байдаг.
Монгол Ардын Хувьсгалт Нам иргэдийн энэхүү саналыг үндэс болгож монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын төрийн тэргүүнд хандан:
- Ипотекийн найман хувийн зээлийн хүүг тэглэх,
- Одоо ипотекийн зээл төлж байгаа иргэдийн зээлийн хүүг тэглэж, хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцох,
- Цалингийн зээлийн хүүг тэглэх,
- Тэтгэврийн зээлийг, хүүтэй нь хамт тэглэх,
- Эдгээр тэглэсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг нэгтгэн тооцож, төр засгаас арилжааны банкуудад нэг удаа нөхөн төлбөр олгох саналыг тус тус тавьсан билээ.
Ингэх нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр иргэддээ өгсөн “иргэдийнхээ зээлийг тэглэнэ” гэсэн амлалтаа хэрэгжүүлэх нэг алхам болно гэдгийг МАХН Ерөнхийлөгч Х.Баттулгад хамтад сануулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019-2020 он солигдох торгон мөчид ард түмэндээ хандаж хийсэн шинэ жилийн мэндчилгээндээ:
“Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн (ҮАБЗ) гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байна” гэж мэдэгдэв.
Энэ Мэдэгдэл хоёр он солигдох мөч дэх хамгийн гэгээлэг мэдээллийн нэг байлаа. Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж тавьсан 5 саналаас нэгийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээж авчээ. “Чамлахаар чанга атга” гэж цөөнгүй иргэд хэлж байна.