Хоригоос мултарсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Цэцэд өгчээ
УИХ-ын сонгуулийн тухай хуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонссон хүнийг нэр дэвшүүлэхгүй байх, овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг зэрэг мэдээллийг агуулсан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцох нам, эвсэлд өгөх заалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор зарим нам, олон нийтийн байгууллагын зүгээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавьж өгөхийг Ерөнхийлөгчөөс хүссэн юм. Гэвч Ерөнхийлөгч хориг тавихгүй гэдгийг Тамгын газрын дарга нь мэдэгдэж байлаа. Тэрээр “Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуульд оролцож буй нам, эвслүүдэд өгөх нь зүйтэй гэдэг саналыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зүгээс оруулсан. Уг санал дэмжигдэн хуулийн төсөлд тусгагдсан. Нэгэнт саналаа оруулсан учраас Ерөнхийлөгч сонгуулийн хуульд хориг тавихгүй" гэсэн юм. Ерөнхийлөгч энэ байр сууриндаа бат зогсож УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавьсангүй. Хориг тавих хуулийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-нд дууслаа.
Ерөнхийлөгч нэгэнт хориг тавиагүй учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэхээр бэлтгэжээ. Сэтгүүлийн шинэ дугаар ирэх даваа гаригт хэвлэлтээс гарах юм байна.
Аливаа хуультай холбоотой асуудлаар иргэн Цэцэд хандсан бол Цэц тухайн хуулийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэний дараа маргаан үүсгэх эсэхээ шийддэг. Өмнө нь “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж хүчин төгөлдөр болоогүй хуулиар маргаан үүсгэснийхээ төлөө Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа огцорч байлаа. Ийм гашуун туршлага байгаа учраас УИХ-ын сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуулийн Цэцэд хандсан иргэний мэдээллээр маргаан үүсгэх эсэхийг одоо болтол шийдээгүй байна. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хууль батлагдсан даруйд иргэн А.Кабердек тус хуулийн 30.8 дахь заалт буюу “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд ханджээ. Мөн МАХН-ынхан энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тус намын дэд дарга Б.Тулга “Манай нам УИХ-ын сонгуулийн тухай хуулиар удахгүй Цэцэд хандахаар бэлдэж байгаа. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг хүлээсэн. Хоригийн хугацаа дууссан учраас одоо Үндсэн хуулийн Цэцэд хандана. Ингэхдээ хэд хэдэн асуудлаар хандахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, 30.8 буюу хүнийг бүх насаар яллсан заалт, гадаадад байгаа иргэдээс санал авахыг хориглосон зохицуулалт зэрэг хэд хэдэн асуудлаар мэдээллээ боловсруулж байгаа” гэлээ.
Үндсэн хуулийн Цэцийн дарга иргэдээс ирүүлсэн мэдээллийг судлуулахаар гишүүддээ хуваарилдаг. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хоригийн хугацаа дуусаагүй, цаашлаад “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээгүй байсан учраас Н.Чинбат дарга иргэн А.Кабердекийн мэдээллийг хэн нэгэн гишүүндээ хуваарилаагүй байгаа юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэвлэсэн “Төрийн мэдээлэл” сэтгүүл удахгүй хэвлэлтээс гарах учраас ирэх долоо хоногт Үндсэн хуулийн Цэц дээрх процесс цааш үргэлжлэх бололтой. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 9.4-т заасны дагуу Цэцийн гишүүн иргэдийн өргөдөл, мэдээллийг 14 хоногийн дотор хянаж маргааш үүсгэх асуудал мөн эсэхийг тодорхойлдог. Маргаан үүсгэх шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн Цэцийн даргад хандаж хэлэлцэн шийдвэрлүүлдэг юм.