Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна
Нийслэлийн сурагчдын II улирлын амралт нэгдүгээр сарын 12-нд дуусч, 13-ний Даваа гарагт хичээлдээ орох хуваарьтай.
Хэрэв ханиад томуу ихтэй байвал III улирлын амралтын 7 хоногийг шилжүүлж, сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах зохицуулалттай байдаг.
Улсын хэмжээнд өнгөрсөн сарын сүүлээр амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% /21,774/-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм.
Энэ удаагийн улирлын амралтыг сунгах эсэхийг БСШУСЯ-наас тодруулахад "Сурагчдын амралтыг сунгах хүсэлт Эрүүл мэндийн яамнаас ирүүлээгүй. Зарим аймаг онцгой комиссын хурлаараа сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй гэж ярьж байгаа гэсэн. Гэхдээ яаманд хүсэлт ирүүлээгүй. Оны өмнө Завхан аймаг хүсэлт гаргаад амралтыг 3 хоногоор урагшлуулж өгсөн" гэсэн хариулт өглөө.
Ийнхүү албаны эх сурвалжийн хэлж буйгаар сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байна.