Л.Энх-Амгалан: Ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг нэг өдөр товлохоор тусгасан
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.
Тэрбээр “Ээлжит сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг нэг өдөр товлохоор тусгасан. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагуудын зардлыг тухайн байгууллагын төсвийн зардалд тусгахаар болсон. Тухайлбал, үүнд цагдаа, онцгой байдал, улсын бүртгэлийн байгууллагууд хамаарна. Бүх төрлийн сонгуулийн сурталчилгааны зардлыг багасгаж байгаа. Нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш 22 хоногт сурталчилгаа хийх өөрчлөлт оруулсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт төрийн аудитын байгууллагын дүгнэлт гаргах зохицуулалт нэмсэн. Цахим орчинд сурталчилгаа хийх болон сурталчилгааны самбарын стандартын талаар тусгасан” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна. Сурталчилгааны хугацаа 22 хоног байгаа нь их байна. Хуучин 15 хоног байсан. Сонгогчдын шилжилтийн хөдөлгөөнийг хориглох хугацаа 60 хоног байгаа нь урт байна. Аравдугаар сарын 10-ны үеэр сонгууль явууллаа гэхэд наймдугаар сарын 10-ны үеэр шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь. Харин 8-9 дүгээр сарын үед хичээл, сургуультай холбоотойгоор шилжилт хөдөлгөөн их байдаг. Тиймээс шилжилт хөдөлгөөний есдүгээр сарын 10-ны үеэр хаах нь зүйтэй” гэсэн юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжлээ.