Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотод шахмал түлштэй холбоотой зургаан дуудлага ирсэн. Үүнээс 22 хүн хордлогын шинжтэй ирснээс 13 насанд хүрсэн хүн, 9 нь хүүхэд байсан гэдгийг НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээллийн эхэнд онцлов.
Мөн тэрбээр “НМХГ-аас холбогдох байгууллагуудтайгаа хамтран 2019 онд нийт 5,450 объектод хяналт шалгалт хийж, 1,949 мэдэгдэл зөвлөмж хүргэсэн. Мөн түүхий нүүрс хэрэглэсэн гэх 71 зөрчил гарч, 106.5 тонн нүүрсийг битүүмжилж, оны өмнө "Амгалан дулааны станц" болон түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн ажилласан" гэв.
ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Ж.Батбаяр "Агаарын бохирдол өмнө нь үлэмж их байсан. Энэ жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үнэ дүнд агаарын бохирдол бус агаарын чанарын талаар ярьдаг жил болж байгаад баяртай байна. Арванхоёрдугаар сарын 31-нд агаарын чанарын индекс бага бохирдолтой байсан. Ойрын үеийн цаг агаарын нөхцөл байдлаас харахад агаарын бохирдол харьцангуй хэвийн түвшиндээ байхаар байна" гэлээ.