С.Ганзориг: Барааны тэмдгийг барьцаалж 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож эхэллээ
Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа зохицуулсан хуулиудад нэмэлт болон шинэчилсэн найруулгыг төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулаад байна. Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай шинэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд бэлтгээд байгаа ажээ. Эдгээр хуулийн төсөлд үнэлгээний олон улсын стандарт, Оюуны өмчийн үнэлгээ хийх мэргэжилтэн бэлтгэх, татвар хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах, гадаад улс оронд оюуны өмчийн бүтээлийн эрхийн хамгаалалт хийлгэхэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, оюуны өмчийн маргааныг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тодорхой болгож өгсөн байна.
Инновацийн үйлдвэрлэлийн ноу-хау болох мэдлэгийг бүтээх, бүртгэх, баталгаажуулах, үнэлэх, арилжаалах,мэдээлэх, түгээх, үр шимийг хүртэх зэрэг эрх зүйн асуудлаар Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.
-Оюуны өмчийн ойлголтын талаар манай шинжлэх ухааны салбар салбарынхан мэддэг, хүндэлж, эрхэмлэдэг болсон. Жилд үйлчлүүлэгчдийн тоон өсөлтийг салбараар нь ангилбал манай шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн эзлэх хувь өндөр гарах болов уу?
-Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, бүтээгдэхүүний загварын 3099 патент олгогдсон. Мөн үндэсний барааны тэмдгийн мэдүүлгээр 23887, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу 50298 барааны тэмдэг, зохиогчийн эрхийн 11110 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогджээ. Энэ 2019 онд шинжлэх ухаан, утга зохиолын салбарын 629 бичмэл бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлийн санд бүртгэл хийсэн. Патентыг технологийн салбараар нь ангилан авч үзвэл хими-35,9 хувь, тоног төхөөрөмж-10,8 хувь, механик инженер-21,4 хувь бусад салбарт 31,9 хувийг тус тус эзэлж байна.
-Дэлхийн жишиг оюуны өмчийг худалдах, технологи дамжуулах, роялти хүртэх, хамтран эзэмших зэрэгарилжааны олон хэлбэрээр патентын үнэ цэнийг өсгөж байна. Харин манайд патентаа үнэлүүлэх хүсэлт гаргавал ямар үйл ажиллагааны дараа барьцаа хөрөнгөний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, зах зээлийн эргэлтэд оролцох боломжтой вэ?
-Оюуны өмчийн газар нь Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, хэрэгжүүлэн ажилладаг. Эдгээр хуулийн дагуу патент, гэрчилгээ олгож, зохиогчийн эрх үүсэж байгаа боловч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй байна.
Оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөхийн зорилго нь түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршдог. Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа дээрх хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Энэ нь оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх бэрхшээлийг бий болгож байна. Уг оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилж боловсруулаад УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн байгаа. Энэ хууль батлагдсанаар оюуны өмчийн үр өгөөжийг хүртэх эрх зүйн хамгаалалттай болох юм. Хэдийгээр хууль батлагдаж гараагүй ч оюуны өмчийн үйл ажиллагааг дэмжсэн энэ чиглэлийн байгууллагуудын мэдлэгийн цар хүрээ, ойлголт нэлээд нэмэгдсэн. Мөн уг хууль батлагдсан тохиолдолд Оюуны өмчөө барьцаалах, хувьцаа гаргах, даатгалд хамруулах боломж бүрдэх юм.
-Манай сан улсын төсвийн санхүүжилттэй инновацын бүтээгдэхүүний патентын үнэлгээг хийсэн байдаг. Жишээ нь харшлын эсрэг бэлдмэл. Уг патентын жороор эцсийн бүтээгдэхүүн цөөн тоогоор үйлдвэрлэгдэж, мөн тоогоор хэрэгцээт зах зээлд нэвтэрсэн. Уг патентын өөрийн үнэлгээ 200 гаруй сая гэж мэргэшсэн үнэлгээчдийн баг үнэлсэн. Тухайн үнийн дүнг баталгаажуулах дараагийн алхам ОӨГ-т хандах уу?
-Оюуны өмчийн газарт хандаж болно. Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг, зохиогчийн эрхийн бүтээлийн үнэлгээг зохиогчийн хүсэлтээр баталгаажуулах, зохицуулалт байдаг.
-Танай байгууллага оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцөлөөр Улаанбаатар банктай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Тиймээс тухайн банк патентаар зээл олгох нэмэлт үйлчилгээг үзүүлэхэд бэлэн гэсэн үг үү?
-Оюуны өмчийн тэр дундаа Аж үйлдвэрийн өмчийн нэг төрөл болох барааны тэмдгийг барьцаалж зээл олгох үйлчилгээг нэвтрүүлсэн Улаанбаатар хотын банканд баярлалаа. Одоогоор тус банк барааны тэмдгийг барьцаалж 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа. Патентын болон зохиогчийн эрхийн бүтээлийг цаашид барьцаалах талаар хамтран ажиллахад бол манай байгууллагын зүгээс дэмжиж ажиллана. Харин оюуны өмчийн бусад салбарын бүтээлийг барьцаалах талаар банк өөрсдөө шийдвэр гаргах байх. Ер нь дээр хэлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль батлагдсан тохиолдолд бүтээлийн төрлүүдийг барьцаалах, хувьцаа гаргах, даатгалд хамрагдах боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын банк барааны тэмдгийг барьцаалж 25 аж ахуй нэгжид 800 гаруй сая төгрөгийн зээл олгож аж ахуй нэгж байгууллагад олгоод байна.
-Шинжлэх ухаан, технологийн сангийн оюуны өмчийн үнэлгээний анхны ажил нэлээд эрдэмтдэд хүрсэн тул үнэлгээний асуудлаар их хандаж байна. Хууль эрх зүйн хувьд шинжээчдийн ажлын хөлсийг тухайн хүсэлт гаргагч гаргах ёстой байдаг уу. Хувь хэмжээ нь хэд байдаг вэ?
-Оюуны өмчийн бүтээлийг үнэлэх баталгаажуулах талаар хүсэлт гаргагчид өөрсдөө үнэлж ирүүлж байгаа нь холбогдох хуулиудтай зөрчилдөөнтэй зүйлүүд бий. Мэдээж оюуны өмчийг үнэлэх баталгаажуулах талаар оюуны өмчийн газар тухайн үнийн дүнгийн 1-5 хүртэлх хувийг авах зохицуулалттай явж ирсэн. Үүнийг журмаар зохицуулсан.
-Биет бус хөрөнгийг бүртгэж баталгаажуулахаас гадна үнэлсэн ямар тохиолдол байна. Тухайлбал АПУ компанийннхан “Боргио” пивоны патентаа үнэлүүлсэн байдаг. Манай ОӨГ-аас томилогдсон шинжээч нар үнэлсэн үү?
-Оюуны өмчийн газаар үнэлгээг баталгаажуулсан. Оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулах ажил 2001 оноос эхэлсэн байдаг. Оюуны өмчийн бүтээлийг үнэлэх, баталуулсан 100 гаруй бүтээлд нийт 21 тэрбум гаруй үнэлгээг баталгаажуулсан байдаг.