Хилээр 10,000 орчим сум, галт хэрэгсэл оруулж ирсэн наймаачдыг саатууллаа
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хууль бусаар ангийн болон байлдааны зориулалттай их хэмжээний сум, галт хэрэгсэл оруулж ирдэг бүлгийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд энэ сарын 28-нд үйлдэл дээр нь илрүүлэн дайчлан баривчилжээ. Бидэнд олдсон мэдээллээр хилээр хууль бусаар оруулан ирж, нийслэлд борлуулдаг сүлжээтэй бөгөөд дээрх боомтод дөрвөн хүнийг нь саатуулсан юм байна.
Байлдааны болон хууль сахиулах байгууллагын албан хэрэгцээнд ашигладаг галт зэвсэг, сум, галт хэрэгслийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, худалдахдаа холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авах ёстой. Гэвч дээрх бүлгийнхэн ямар ч тусгай зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж, улмаар Улаанбаатарт авчран зарим зах, худалдааны төвд борлуулдаг байсан нь шалгалтаар тодорхой болсон гэнэ.