Мафийн эсрэг сүүлийн 30 жилд байгаагүй том ажиллагааг Италийн цагдаа нар явуулжээ
Италийн цагдаа нар сүүлийн 30 жилийн хамгийн том зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг ажиллагаа явуулж, нийт 334 хүнийг баривчилжээ.
Шөнийн цагаар явуулсан тус ажиллагаанд цэрэг, цагдаа нийлсэн 2500 алба хаагчид оролцсон бөгөөд тэдний дунд шүхэрчин цэргүүд, нисдэг тэрэг, тактикийн ангиуд хүртэл багтсан байна.
Цагдаагийнхан Италийн өмнөд нутгаас гаралтай Ндрангхета мафийн гишүүдийг голчлон баривчилсан аж. Үүнээс гадна Швейцар, Болгар, Герман улс дахь Ндрангхетагийн гишүүдийг мөн зэрэг саатуулсан байна. Ндрангхета нь улс төрчид, хуульчид, томоохон бизнес эрхлэгчдийг атгасан хүчирхэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл юм.
Баривчлагдсан 334 хүний дунд улс төрийн намын гишүүн, цагдаагийн байгууллагын өндөр цолтой хүмүүс, Калабрия хотын даргын зөвлөх хүртэл байжээ.
Тэднийг аллага, дээрмээс эхлээд мөнгө хүүлэлт, мөнгө угаах, мафитай хамтарсан гэх мэт гэмт хэргүүдэд буруутгаж байгаа юм.
Өмнө нь Ндрангхета мафийн эсрэг олон баривчилгаа хийсэн боловч энэ удаагийнх шиг том ажиллагаа явуулж байгаагүйгээс болоод төдийлөн үр дүнд хүрч чадаагүй юм. Цагдаа нар энэхүү ажиллагааны үеэр нийт 200 гаруй буу зэвсэг, 150 сая евро хүртэлх бэлэн мөнгө хураан авсан гэнэ.