Г.Амартүвшин: Зөрчилтэй зээлээс 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсөн
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин энэ оны ажлын тайлангаа танилцууллаа. Тус банкнаас зээл авсан хэд хэдэн компани зээлээ төлөөгүй байсан. Иймд Тусгай актив хариуцсан хэлтэс байгуулан, хугацаа хэтэрсэн зээлүүдэд төвлөрөн ажилласнаар 4.8 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин “Бид тэргүүлэх салбаруудын томоохон төслүүдийг санхүүжүүлэх, активын чанарыг сайжруулах, эрсдлийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулах, тогтворжуулах зорилгыг тавин ажиллаж байна . Одоогийн байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд төгрөг байгаагаас пассив талдаа 3.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг байна. Энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийн багцын чанар дээр хийсэн гол ажлын нэг нь бүтцийн өөрчлөлт, зээлийн хяналт тусгай активын хэлтэс байгуулсан явдал байлаа. Тус хэлтэс одоогийн байдлаар 704 тэрбум төгрөгийн төлбөрийн зөрчилтэй зээлүүд дээр ажиллаж байна. Үүнд нийт 22 зээлдэгч багтдаг. Хэлтэс байгуулагдсан цагаас хойш нийтдээ 3.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн.
11.4 тэрбумын зургаан зээлдэгч байгаа, гол нь “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд өгсөн алтны компанийн зээлүүд шүүхийн шатандаа яваа. Түүнээс гадна прокурорын байгууллагад найман зээлдэгчийн 662 тэрбумын асуудлыг шилжүүлж, хамтран ажиллаж байна. Чанаргүй зээлийн 14 зээлдэгч дээр 45.9 тэрбумын дүнтэй зээлүүд шүүхийн шатанд явж байна. Хөгжлийн банк одоогийн байдлаар дөрвөн газар, 11 хэлтэс болон нийт 140 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.
Мөн Засгийн газраас 2018 онд шинэчлэн баталсан “Ноолуур” хөтөлбөрийг дэмжин өнгөрсөн хоёр жилд нийт 277.3 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөөр 34 үйлдвэрийг санхүүжүүлэн ажилласнаа энэ онд үргэлжлүүлж, тус салбарын зээлийг энэ онд удаахгүй буюу цагаан сарын дараа олгохоо мэдэгдлээ. Бүтээн байгуулалтын санхүүжилтийн хувьд мөн энэ оны мөн үеийн сарын байдлаар 620.1 тэрбум төгрөгийн зээлийг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд олгоод буйг онцолсон юм. Үүнд: Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 314.7 тэрбум төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын дэд бүтцийн салбарт 107.2 тэрбум төгрөг, уул уурхай,олборлолтын салбарт 83.8 тэрбум төгрөг, бусад салбарт 113.7 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.
Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас авсан чанаргүй зээлүүдийг зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулна гэсний дагуу прокурорын байгууллагад материалаа хүргүүлсэн аж.
Тэрээр “Капитал” банк, “Хөтөл, Эрэл”, “Кью-Эс” зэрэг таван том зээл байгаа. Хэмжээний хувьд 530 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээл байгаа. 2018 онд 500 сая ам.долларын бонд амжилттай босгосон. 2020 онд бид шинэ бонд босгож, эх үүсвэр гаднаас татан төвлөрүүлэх бодлого баримталж байгаа. Хөгжлийн банкнаас шууд гарах зээлийн хэмжээ 20 тэрбумаас дээш байх ёстой. Үүнээс доош болчихвол бид арилжааны банкуудаар дамжуулж, хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгоно. Цаашид санхүүжүүлэхээр хүлээгдэж буй төслүүдээс газрын тосны төсөл бол том жишээ. Ус, цахилгаан, дэд бүтцийг нь Монгол тал санхүүжүүлэх ёстой байсныг Хөгжлийн банк санхүүжүүлсэн. Цаашид энэ мэтийн санхүүжилтийг Хөгжлийн банк заавал хийх ёстой. Чиглэл нь эрчим хүч, дахин төлөвлөлт, зам тээвэр, өндөр хэмжээний цахилгаан дамжуулах шугам буюу Монгол Улсын экспорт болон аж үйлдвэрийг урт хугацаанд дэмжих төслүүд байх ёстой. Мөн өмнөх оны алдааг давтахгүйн тулд 2020 оны ноолуурын хөтөлбөрөө өнгөрсөн есдүгээр сард зарлаад баталчихсан. Ямар ч байсан 2020 оны Цагаан сар өнгөрөхөөр олголтуудаа хийгээд, ноолуурын улирал эхлэхээс өмнө санхүүжилтийг нь олгож явахаар төлөвлөсөн” гэлээ.
Хөрөнгө оруулалтын “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компани тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Ди Би Эм лизинг” компаниудыг байгуулан ажиллаж байгаа аж. Тус хоёр компанийн хувьд тухайн салбаруудад шаардлагатай хөрөнгө оруулалт түрээсийн үйлчилгээг үзүүлжээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийсэн дөрөв дэх удаагийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” компанийн хооронд үзэглэжээ. Мөн тус компанийн “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-д энэ онд эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, нийгэм эдийн засгийн өндөр өгөөжтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан, Нийслэлийн захиргаа, Хөгжлийн банк, арилжааны банкууд, орон сууц худалдан авах иргэдийн хамтарсан 570 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатарын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ төслийг хэрэгжүүлэхэд “Ди Би Эм Ассет менежмент ҮЦК” компани уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларын амлалтыг авчээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-г үүсгэн байгуулах шатандаа явж байгаа юм байна. “Ди Би Эм Ногоон хөгжил хувийн ХОС ТЗК” компанийн энэ оны энэ сард Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлжээ. Тус сан нь агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. 570 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатарын орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ гэдгийг энэ үеэр мэдэгдсэн юм.
“Ди Би Эм лизинг” компани Монголдоо хамгийн том тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага аж. Тус компани Атрын III аяны хүрээнд зөвхөн тариалан эрхлэлтийг дэмжих сантай хамтран 20 гаруй сая ам.долларын 835 ширхэг тоног төхөөрөмжийг газар тариалан эрхлэгчдэд санхүүгийн түрээсээр олгожээ. “Ди Би Эм лизинг” компани нь арваннэгдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу өөрийн хөрөнгийн хэмжээг 100 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлжээ. Мөн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын банктай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулсан байна. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өндөр өгөөж бүхий бизнесийн төслүүдэд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хөгжлийн банк, Экспорт ба зээлийн даатгалын корпорацтай төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлжээ.
Г.Амартүвшин захирлын зургаан сарын гэрээт хугацаа дуусгавар болж байгаа бөгөөд хэрэв үргэлжлүүлэх санал ирвэл тэрээр хүлээж авна гэдгээ ч онцолжээ. “Зургаан сарын хугацаанд тоглоомын дүрмийг нь илүү тодорхой болгож, ахиц гаргасан. Миний хувьд зургаан сарын хугацаатай, гэрээгээр ажилласан. ТУЗ-өөс намайг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг удахгүй шийднэ. Би ямартай ч мэргэжлийн банкир хүний хувьд салбартаа ажиллана гэсэн бодолтой байгаа” гэдгийг хэлж байсан юм.
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин