Д.Гэрэл, С.Баатаржав, М.Энх-Амар нарт бригадын генерал цол олголоо
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн н/02 дугаар зарлигийг тус тус үндэслэн:Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, Тагнуулын Ерөнхий Газрын Дарга Д.Гэрэл, Цагдаагийн Ерөнхий Газрын Дарга С.Баатаржав, Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт бригадын генерал цол олголоо.
Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-ын Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан ба ТЕГ-ын даргаар өмнө 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нээс 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан юм.
ЦЕГ-ын дарга С.Баатаржав нь Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Улсын Онцгой Комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нь Сүхбаатар аймагт 1966 онд төрсөн. МУБИС-ийг Шугам зургийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд Сэлэнгэ аймагт багшилж байжээ.