Цэргээ зодож, хөнөөсөн офицер, ахлагчийн ялыг өөрчлөв
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан, Орхон аймгийн харьяат 19 настай байлдагч Б.А-ын аминд хүрсэн хэрэгт ял шийтгүүлсэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн Мотобуудлагын батальоны танкийн ротын захирагч асан А.Энхбаяр, тус ротын I салааны механик жолоочоор ажиллаж байсан Р.Вандлхангаа, байлдагч П.Бадамсамбуу нарт Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэсэн билээ.
Тэднийг энэ оны нэгдүгээр сарын 22-нд цаг бусаар амиа алдсан Б.А-ын үхэлд буруутган Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, 10.6-1 дэх хэсгийн “Болгоомжгүйгээр хүний амь хөнөөсөн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Улмаар “гар утас хэрэглэсэн” гэх шалтгаанаар талийгаачийг дэглэж, хөнжил, пүүгээг нь үүрүүлэн гүйлгэж, галуун цуваагаар алхуулсан, мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ билүүлэлгүй хугацаат цэргийн алба хаагч нарыг жагсаалын талбай тойруулан гүйлгэх дүрмийн бус шийтгэл оноосны улмаас байлдагч Б.А-ын амийг болгоомжгүй хохироосон буруутайд тооцон А.Энхбаяр, Р.Вандлхангаа нарт 4-5 жил, П.Бадамсамбууд зургаан сар хорих ял шийтгэсэн юм.
Харин Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон ялыг өөрчилж, А.Энхбаярыг гурав, Р.Вандлхангааг гурван жил зургаан сар хорихоор магадлалд дурдсан байна. Харин П.Бадамсамбууг ялаас чөлөөлж, нэн даруй суллахаар шийдвэрлэжээ.