Баяртай! намайг ѳѳрчилсѳн Америк орон, Сайн уу Эх орон минь...
Монгол руугаа буцна гэдэг шийдвэр гаргаснаас сүүлийн нэг сар үнэхээр завгүй байлаа. 2005 онд гутрамтгай, юу хийхээ ч мэдэхгүй хэрнээ сэтгэлдээ бага зэрэг онгиргон мѳрѳѳдѳл тээж Монголоос Америк гүрэнд хѳл тавьснаас хойш, ѳнѳѳдѳр Америкаас Монгол руугаа буцах хүртэлх 14 жилийн тухай эргэцүүлэхдээ энэ оронд үнэхээр талархаж байна. Зүгээр л үүнийг би хийх хэрэгтэй гэж шийдээд бараг нүдээ аниад зүтгэж байсан он жилүүдийн урсгалд би ѳѳрийгѳѳ хэн болох, би юуг хийхээр үүрэг хүлээж энэ ертѳнцѳд ирсэнээ ойлгож ухаарах хүртэл сайн муу бүхнийг амсаж туулж ѳнгѳрүүлэв. Зовлонгоо бусдаас нууж, жаргалтай мѳчүүдээ бусадтай хуваалцаж байхдаа би ѳѳрийгѳѳ л олж таньж байсан юм билээ. Энэ амьдралд ѳѳрийгѳѳ таньж ойлгоно гэдэг амаргүй боловч заавал мэдрэх учиртай үүрэг байдаг аж.
Зѳндѳѳ олон хүмүүс намайг магтав. Гэвч энэ бол миний бус бидний хамтын бүтээл байсан юм шүү хэмээн бусдад учирлав. Энэ тѳслүүдийг бүтээх гэж бэдэрч явахад надад тусалсан хүн бүрийн тус дэмжлэг энэ бүтээлүүдийг бүтээсэн юм. Тийм болохоор энэ ѳдрийг хүртэл хүн бүхэнтэй уулзан чин сэтгэлээсээ талархал илэрхийлэн, тэдний ѳмнѳ сѳгдѳх учиртай. Тѳгс биш болохоор гаргасан алдаа бүрийнхээ тѳлѳѳ хүмүүсээс уучлал хүсэх үүрэгтэй. Тэдний сэтгэл зүрхний зовинолыг хуваалцаж бага боловч тэдэнд туслах нь миний үүрэг. Америкийн бүх хотуудаар ганцаараа аялж, уулзахдаа ѳргѳсѳн хундага дарс бүхэн ерѳѳлтэй байв, учирлаж хэлэлцсэн бүхэн ухааралтай байв, тэвэрсэн тэврэлт бүхэн халуун дулаан байв. Эх орноосоо хол байгаа хүн бүрийн хайрыг эх оронд нь тээж очих гэж тэднийг удаанаар тэврэв. Энэ нь Монголдоо миний тээж очих хайр байлаа. Ердѳѳ гурав хоногийн дараа би Монгол руугаа ниснэ. Догдлол гэхээс зовинол сэтгэлд минь эргэлдэж байна. Монголдоо очоод залууст зориулан “Ѳѳртѳѳ итгэ” нэртэй лекц уншихыг хүсч байна. Боломж олдвол бүх аймгуудаар аялан залууст, бас хүмүүст 14 жилийн хугацаанд харьд ажиллаж амьдрахдаа мэдэрсэн ухаарлаа түгээмээр байна.
Гадаадад байгаа болон Монголдоо байгаа монголчуудын сэтгэлгээний халхавч болсон шилэн ханыг нурааж, тэдэнд үнэн бодит байдлыг хэлж ѳгмѳѳр байна. Жалгын бус дэлхийн сэтгэлгээний боломжийг залууст учирламаар байна. Монгол залуу хүн бүр ѳѳрѳѳ л ѳѳрийнхѳѳ амьдралын эзэн нь байж, ѳѳрийнхѳѳ боломжоороо ѳѳртѳѳ сэтгэл хангалуун амьдрахад нь тусалмаар байна. Аль болохоор эвлэлдэн нэгдэж, гар гараасаа атгалцан дэлхийн хѳгжил рүү алхацгаахыг хармаар байна.
Би Монголыг хѳгжүүлэх гэж, олон нийтийг гэгээрүүлэх гэж эх орон руугаа буцаж байгаа юм биш ээ. Харь оронд хѳлс, цус, нулимсаараа бүтээж буй амьдралын тухай, ѳѳрийн зардлаараа ѳѳрийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй залуусын тухай, эх оронтойгоо холбогдсон сэтгэлийн холбоосын тухай ѳѳрийн хэмжээгээрээ бусдад хүүрнэн ойлгуулах гэж, бас ѳѳрийн чадах зүйлээрээ үлгэрлэн гадаадад байгаа монголчуудыг эх орных нь хѳгжилтэй холбох гэж зорьж очиж байгаа юм аа. Удахгүй шинэ он гарна. Шинэ он улирах бүрдээ хүмүүсийн сэтгэлд цоо шинэ хѳг аялгуу эгшиглүүлдэг. Ѳмѳг түшиг болсон эх орондоо шинэ оныг угтана гэдэг аугаа их хувь заяа. Миний амьдрал дахиад л цоо шинээр эхлэх гэж буй мэт содон мэдрэмж. Баяртай! намайг ѳѳрчилсѳн Америк орон, Сайн байна уу? Намайг тулж түших Монгол эх орон минь. Сайн цаг айсуй.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Вашингтон ДС хот, 2019-12-23