А.Амгалан: Гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 18 хувиар буурлаа
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амгалантай ярилцлаа.
- Хэрэг бүртгэх албыг хүмүүс хэрэг бүртгээд л өнгөрдөг газар гэж ойлгодог. Тиймээс танай байгууллагын үүрэг, чиглэлээс яриагаа эхэлье?
- Хэрэг бүртгэх алба 2017 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл өмнөх Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хөнгөн ангиллын хэргүүдэд хэрэг бүртгэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Хөнгөн хэрэг нь цагдаагийн байгууллагад шалгаж буй нийт гэмт хэргийн 50 орчим хувийг эзэлдэг байсан. Харин УИХ-аас шинээр баталж 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх албадыг ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын даргын 2018 оны А/23 дугаар тушаалаар Хэрэг бүртгэх албанд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг хариуцуулсан. Манай алба улсын хэмжээнд дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, нэгжийн алба хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.
- Хэрэг бүртгэх алба 2002 онд байгуулагдсан байдаг. Энэ 17 жилийн хугацаанд танай алба байгуулагдсанаар ямар үр дүн бий болов?
- 2002 онд мөн эрүүгийн хууль, ЭБШХ-иуд шинэчлэн батлагдсантай холбогдуулж Засгийн газраас шийдвэр гаргаж, цагдаагийн байгууллагаас гадна Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гал түймэртэй тэмцэх алба, Цэргийн хэрэг бүртгэх зэрэг олон байгууллагуудын хэрэг бүртгэлт явуулдаг чиг үүрэгтэй нэгжүүдийг нэгтгэн Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хэрэг бүртгэх албыг байгуулсан түүхтэй. Шинээр байгуулагдсан Хэрэг бүртгэх алба нь Гааль, Татварын гэмт хэрэг, Цэргийн гэмт хэрэг, Хулгайн гэмт хэрэг, Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсүүдтэй нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага дахь нэгж буюу хэрэг бүртгэх тасгууд 2002-2004 онд хуулинд заасан хөнгөн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт явуулах, 2004-2008 онд хөнгөн, хүндэвтэр ангиллын хэрэгт хэрэг бүртгэлт явуулах, 2008-2017 оны 7 сарын 1 хүртэл зөвхөн хөнгөн хэрэгт хэрэг бүртгэлт явуулах чиг үүрэгтэй ажиллаж ирсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад ирсэн нийт гэмт хэргийн шинжтэй гомдлын 70-75 хувийг, нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 50-60 хувийг дангаар шалган шийдвэрлэж, иргэд байгууллагад хуулийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй гурван албаны нэг нь.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ямар хэргүүд орох вэ? Эдгээрээс хамгийн олон үйлдэгддэг нь ямар хэрэг вэ?
- Ихэнх хувь нь бусдын биед хөнгөн хохирол учруулсан хэргүүд эзэлдэг, мөн гэр бүлийн хүчирхийлэл, үйлдвэрлэлийн осол, хөдөлмөр хамгаалал болон бусдын биед хүндэвтэр, хүнд хохирол санаатай, болгоомжгүй учруулах гэмт хэргүүд хамаардаг.
Нийт гэмт хэргийн 60-65 орчим хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт үйлдэгдэж байна . Энэ оны эхний 11 сарын байдлаар 62.5 хувь нь нийслэлд, 37.5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн.
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо энэ онд буурсан уу, эль эсвэл нэмэгдсэн үү?
- Энэ жилийн хувьд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Тухайлбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 791-ээр буюу 9.3 хувиар буурлаа. Арванхоёрдугаар сарын дүн мэдээ хараахан гараагүй байна. Оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7687 гарч, нийт гэмт хэргийн 25.6 хувийг эзэлж байна. Нийслэлд 4806 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 582 буюу 10.8 хувь, орон нутагт 2872 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оноос 207 буюу 6.7 хувиар буурсан.
Нийт гэмт хэргийн илрүүлэлт 11 сарын байдлаар 43.1 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оноос 8.9 хувиар өссөн бол манай харьяалан шалгадаг дээрх хэргийн илрүүлэлт 72 хувьд хүрч өмнөх оноос 9,2 хувь өссөн. Шалгасан нийт хэргийнхээ 82.4 хувийг шийдвэрлэсэн.
Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 7923 иргэнд 6.8 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 5.1 тэрбум төгрөг буюу 75.9 хувийг нөхөн төлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар өссөн байна.
Манай алба дүүрэг орон нутаг дахь хэрэг бүртгэх тасгуудын ажлыг саяхан дүгнэлээ. Хэрэг бүртгэх албаны мөрдөгч нарын мэдлэг, хууль хэрэглэх ур чадвар сайжирсан, өмнөх онд гаргаж байсан алдаа зөрчил буурсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна. Мэргэжлийн ур чадвар сайжирна гэдэг иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирч, хэргийг богино хугацаанд шуурхай шалгаж шийдвэрлэх ач холбогдолтой байдаг, ялангуяа манай албаны залуу мөрдөгч нар их сайн ажиллаж байгаад албаны даргын хувьд сэтгэл өндөр байна.
- Гэмт хэргийн шалтгаан, нөхцөл нь юу байна вэ?
- Бид 2018 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй болсноор гэмт хэргийн шалтгаан, нөхцөлд судалгаа, дүн шинжилгээ хийлээ. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 35-40 орчим хувь нь гудамж, талбай, олон нийтийн газар, 30 орчим хувь нь ахуйн хүрээнд үйлдэгддэг нь тодорхой болсон. Иймээс бид гудамж, талбай, олон нийтийн газруудад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх ажлууд хийснээр үр дүн гарсан. Түүнчлэн гуравдугаар сард хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо өсдөг. Энэ нь тухайн сард хамгийн олон баяр болдогтой холбоотой. Тиймээс энэ сарыг онцолж, төрийн болон төрийн бус байгууллагууд, Дүүргийн ИТХ, хороодын Засаг дарга нар, оюутан, залуучуудын спортын холбооны төлөөллийг оролцуулан, томоохон хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс энэ төрлийн гэмт хэргийг бууруулах хэд хэдэн зөвлөмж гарсны дагуу аймаг, дүүрэг бүрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хэдээс хэдэн цагийн хооронд үйлдэгддэг, хохирогч, холбогдогч нар нь ямар хүмүүс байдаг гэх мэт бүх зүйлсийг тодорхой болгосон. Ингээд урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулсан. 2018 онд бид олон үе шаттайгаар тодорхой ажлуудыг хийсэн боловч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг төдийлөн буураагүй. Иймээс 2018 оны хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, гэмт хэргийг бууруулахын тулд иргэдийн ухамсарт нөлөөлөх, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрч, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, JCI байгууллагатай хамтран “Нэг хором” аян зохион байгууллаа. Үүнд цагдаагийн байгууллагын алба, нэгжүүд, оюутан, залуучууд, спортын холбоод, их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцсон. Энэ арга хэмжээг эхлүүлж, их, дээд сургуулийн төлөөлөл 4000 гаруй залуусыг UB palace-ын их танхимд цуглуулж, гэмт хэргийн хор уршгийн талаар танилцуулсан. Залуус түр зуурын уур бухимдлаас болж бие биедээ хохирол учруулдаг. Тухайн үед нэг нь ялж байгаа юм шиг боловч маргааш нь хоёулаа хохирно. Нэг нь гэмт хэрэгтэн, нөгөө нь хохирогч болж, залуу нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Урлаг соёлын одууд, эрдэмтэн, судлаачид нийгмийн өмнө хариуцлага хүлээн хэлэлцүүлэгт цаг зав гарган оролцож залуучуудад үнэтэй зөвлөгөө, сургуулиа хэлж бидний ажилд дэмжлэг үзүүлсэн нь үр дүнгээ өгсөн.
- Та 2019 оны гуравдугаар сард гэмт хэргийн тоо буурлаа гэсэн. 2018 оны мөн үеэс хэдэн хувиар буурсан бэ?
- Өмнөх оны гуравдугаар сараас 168 хэргээр буюу 18 хувиар буурсан үр дүн гарсан.
- Танай чиг үүрэгт мөрдөн байцаах үйл ажиллагаа ордог юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юү?
- Шинэ бүтэц зохион байгуулалтаар гомдол, мэдээлэл хүлээж аваад, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан, прокурорт шилжүүлэх хүртэл манай албаны мөрдөгч нар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдээс гомдол, мэдээлэл ирснээс эзэн, холбогдогчийг тогтоох хүртэл хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Эзэн, холбогдогчийг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас прокурорын байгууллагад шилжүүлэх хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа гэж ойлгож болно.
- Мөн та бүхэн цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилгын зөрчлийг хянан шалгадаг гэж байсан. Энэ онд тухайлбал хэчнээн цагдаагийн алба хаагчдад хариуцлага ногдуулсан бэ?
- Манай албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс нийслэл, орон нутагт ажиллаж байгаа мөрдөгч нартай холбоотой иргэд, байгууллагаас ирсэн гомдол, хүсэлтийг шалгаж шийдвэрлэдэг. Мөрдөгч нарын үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна уу, ямар нэгэн ашиг сонирхолд үйлчилж байна уу гэдгийг хянадаг гэсэн үг. Энэ онд нийт сахилгын зөрчил 3.8 хувь, Зөрчил гаргасан алба хаагчдын тоо 15.3 хувь, согтууруулах ундаа хэрэглэж, ёс зүйн зөрчил гаргасан зөрчил 50 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
-Угаарын хийтэй холбоотой хэргүүд танайд хамаардаг юм билээ. Энэ жил сайжруулсан түлшнээс болж олон хүн амиа алдсан. Үүнийг хэрхэн, яаж шалгаж, шийдвэрлэсэн бэ?
-Анх хоногт дунджаар энэ төрлийн дуудлага, мэдээлэл 13 ирж байсан бол сүүлийн үед хоногт дунджаар дөрвөн гомдол ирж байна. Хүний амь нас хохирсон хэргүүд харьяаллаараа Мөрдөн байцаах албанд шалгагдаж байгаа. Манай албаны харъяа нэгжүүдэд сайжруулсан түлштэй холбоотой 537 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн.Одоо гомдол 15, хэрэг бүртгэлтийн хэрэг нэг шалгагдаж байна. Нийт шийдвэрлэлт 97.2 хувьтай байна.
-Та өнгөрсөн онд ярилцлага өгөхдөө 2019 онд цоожтой хаалганы цаана нуугдаж байгаа гэмт хэргүүдийг илрүүлнэ гэсэн байсан. Энэ зорилгодоо хүрч ажиллаж чадав уу?
-Бид гэр бүлийн хүчирхийлэл буюу цоожтой хаалганы цаана нууцаар үйлдэгддэг хэргийн илрүүлэлтийг сайжруулах зорилго тавьж, багагүй ажлуудыг хийлээ. Мэргэжлийн байгууллагатай хамтарч сургалт зохион байгуулсан. Мөрдөгч нарт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн сэтгэл зүй ямар байх вэ, тэдэнтэй хэрхэн харьцах, яаж мэдээллийг олох вэ зэрэг чиглэлээр ажлууд хийсэн. Үүний үр дүнд хэргийн илрүүлэлт өнгөрсөн оноос өссөн. Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг өнөөдөр ч гэсэн бидний санааг зовоосоор байна.
2020 онд бид гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийнхэн, шүүх, прокурортой хамтарч сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн анхан шатны дуудлагад очиж байгаа манай алба хаагчид алдаа гаргах тохиолдол байдаг. Үүнд дүгнэлт хийж, ирэх онд эргүүл, жижүүр, шуурхай бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагчиддаа гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр хэрхэн ажиллах сургалт зохион байгуулна.
- Эцэст нь та иргэд болон бие бүрэлдэхүүндээ хандаж юу хэлэх вэ?
Цагдаагийн байгууллагын мөрдөгч нарын ачаалал их байгаа тиймээс иргэдээ цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг ойлгон дэмжиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уриалж байна. Бид энэ онд төрийн болон төрийн бус байгууллагуудтайгаа хамтраад Нэг хором аяныг амжилттай зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнд тогтмол өсч байсан энэ төрлийн гэмт хэргийн 80 орчим хувийг эзэлдэг бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг сар бүр буурч байгаад бид баяртай байгаа.
Иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хуулиа дээдлэн, эрч хүчтэй ажиллана гэж бодож байна. Алба хаагчиддаа удахгүй гарах шинэ ондоо ажлын их амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин