Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн гэр хороололд 202 мянган өрх амьдарч байгаа бөгөөд гэр хорооллын айл өрхүүдийн ашигласан сайжруулсан түлшнээс ихээхэн хэмжээний үнсний хог хаягдал гарч байгаа билээ. Одоогийн байдлаар гэр хорооллоос гарч буй үнсний хог хаягдлыг Цагаан даваа, Морингийн даваа, Нарангийн энгэр гэсэн төвлөрсөн хогийн цэгүүд рүү тээвэрлэн хүргэж байна.
Өвлийн улиралд үнсийг бусад хог хаягдалтай хамт тээвэрлэж байгаа нь гал гарах, хог тээврийн машиныг шатаах эрсдлийг нэмэгдүүлж байдаг. Түүнчлэн иргэд үнсийг бүрэн унтраахгүйгээр хог тээврийн машинд ачуулдаг нь энэхүү эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна.
Иймээс үнсний хог хаягдлыг дахин ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1206 дугаар захирамжийн дагуу нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч байгаа үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэх зорилгоор судалгаа шинжилгээнд оруулах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх арга ажиллагааны талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад байна.
Тус ажлын хэсэг дөрвөн удаагийн хурлыг зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд түүхий нүүрсний үнс ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийн сайн туршлагыг судлах, газар дээр нь танилцах, ШУА-ын Хими, хими технологийн хүрээлэнтэй гэрээ байгуулж, гэр хорооллоос гарах сайжруулсан түлшний үнсийг судалгаа шинжилгээнд хамруулах, дээж бэлдэх, шинжилгээний хариунаас хамааран үнсийг байгаль орчны нөхөн сэргээлт, зам талбайн хавтан үйлдвэрлэх зэрэг үйлдвэрлэлийн болон хадгалалт, тээвэрлэлт, түгээлт хийх, төслийн саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, тохижилт үйлчилгээний хэлтсээс боловсруулж, холбогдох стандартуудын бэлтгэлийн хангуулах ажлыг холбогдох агентлагуудад тус тус үүрэг болгосон.
Сайжруулсан түлшний үнсийг автозамын далангийн дүүргэгч материалд, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүүргэгч материалд, явган хүний зам, замын хашлагад, барилгын материал, дуу тусгаарлагч хавтан, блок үйлдвэрлэлд, гэр хорооллын айл өрхийн гэрийн дулаалгын материал үйлдвэрлэлд, бохир ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн болгож ашиглах зэрэгт суурь судалгааны үр дүнд үндэслэн технологийн туршилтын талаар нарийвчлан судлахаар ажиллаж байна.