Аврагчид Асгатын мөнгөний далд уурхайг нээх, лабораторийн дээж авах ажиллагаанд оролцжээ
Улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол улсын стратегийн орд Асгатын мөнгөний далд уурхайг нээх, лабораторийн дээж авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангуулах зорилгоор ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн Мөнгөтийн хяр хэмээх газар орших мөнгөний орд нь Улаанбаатар хотоос 1950 км, аймгийн төвөөс 190 км зайтай, д.т.д 2891 м өндөр ууланд байрладаг. Төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, орон нутгийн чанартай шороон замтай, ихэнхи өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагддаг онцлог бүс нутаг.
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд нь 1991 оноос хойш ажиллаагүй, уурхайн малталт нь улнаас тааз хүртэл 2.8 м, өргөн 3.5 м бүхэлдээ цас, мөсөөр дүүрч, амны орчин 7 метр зузаан цасан бүрхүүлээр хучигдсан хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн юм.