УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүд нэр дэвшихийг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хязгаарласан билээ. Мөн гадаадад ажиллаж, амьдардаг иргэд сонгууль өгөх боломжгүй болсон. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МАХН-аас мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Мэдлэг боловсролыг бус эд хөрөнгө, мөнгө шүтсэн хуулийг баталлаа. Сонгуульд оролцох нам, эвслэлийн гарааны нөхцөл ижил тэгш биш байна. Үүнийг цэгцлэх учиртай. Мөн хүчин хийж, хулгай хийж, хүн алсан хүн сонгуульд өрсөлдөж болох нь, шинэ хуулиар. Харин авлига, албан тушаалын хэрэгтэнг сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж МАН, АН шударга царайллаа. Угтаа бол МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг хавчсан заалт. Хэнд ч ойлгомжтой. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавих ёстой. Түүнд өөр сонголт байхгүй. Хэрвээ хориг тавихгүй бол МАН, АН-тай хуйвалдсан гэсэн үг.
Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаа 200 мянган иргэнийг санал өгөх эрхийг сонгуулийн тухай хуулиар хязгаарлалаа. Уг нь өмнөх сонгуулиар тухайн улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулж санал авсан. Гэтэл шинэ хуулиар ийм боломжийг хязгаарласан нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл болж байна. НҮБ-ын өмнө Монгол Улс үүрэг хүлээсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар энэ үүргээсээ ухарлаа. Ингэж болохгүй” гэлээ.