Г.Агар-Эрдэнэ: ХЭҮК шүдтэй, шүдгүй арслангийн аль нь ч байх нь зохимжгүй
ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэтэй хүний эрхийн зарим асуудлаар ярилцлаа.
-Хүний эрхийн олон улсын өдөр болж өнгөрлөө. Дэлхийн улс орнуудад хүний эрх хэр зэрэг үр дүнтэй хэрэгжиж байна гэж НҮБ-аас дүгнэж байгаа талаар, мөн сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд анхаарал татаж буй хүний эрхийн асуудлаас яриагаа эхлэе?
-Философи талаас нь харвал хүний эрх гэдэг хүмүүсийн оюун санаандаа бий болгосон хийсвэр ойлголт. Гэхдээ энэ хийсвэр ойлголт нь хүн нийгэмдээ амьдрахад ямар хэрэгцээ шаардлага, чадавх боломж чухал байгаагаас үүдсэн үзэл санаа учраас хүлээн зөвшөөрөгдөж хөгжсөн. Түүхийн явцад энэ үзэл санааг онолчид, сэтгэгчид баяжуулж, Сайрусын бортогоос өгсүүлээд Магна Харт, Хүний ба иргэний эрхийн тунхаг гэх мэтээр бичмэл хэлбэрт буулгаж явсаар эцэстээ Хүний эрхийн түгээмэл тунхаглал, түүнийг дагалдаж гарсан олон улсын хүний эрхийн гэрээнүүдээр бүрэн баталгаажсаар бидний өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болсон байна. Гэвч энэ хэрэгцээ, шаардлага болсон эрхээ дэлхийн улс орнуудад хүн бүр түгээмлээр, эрх тэгш эдэлж чадаж байна уу гэвэл арай өөр дүр зураг харагддаг. Анх Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлах үед хүний эрх нь ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйлсийн нэг гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ тогтолцоонд айх аюулгүй, сайн сайхан амьдрахыг хүсвэл хүний эрхийг ямар ч үед хангах, хамгаалах ёстой гэдгийг НҮБ-ын зүгээс гишүүн орнууддаа уриалсан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөний өмнө нь амссан хөнөөлт дайны хор уршгийг дахин давтахгүй, улс орнууд энх тайвнаар зэрэгцэн орших нь ардчилсан буюу хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлдэг тэрхүү нийгэмд л боломжтой гэж үзсээр байна.
– 1992 оны “ардчилсан” Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг тунхагласнаас хойш багагүй хугацаа өнгөрчихөөд байхад манай иргэд эрхээ хангалттай эдэлж, хэрэгжүүлж чадаж байна уу гэхээр нэг л хангалтгүй санагддаг?
-Монгол Улс Үндсэн хуулиараа эдлүүлэхээр амласан хүний эрх, эрх чөлөөний баталгаа өнөөг хүртэл хангалттай бүрдэж чадахгүй байгааг нийгэмд гарч буй хүний эрхийн төрөл бүрийн зөрчил харуулсаар байна. Хүний эрхийн зөрчлийг иргэдэд буруу болгож тохох биш, харин төр засагт хийх ажил их байгааг л харуулж байгаа хэрэг. Ардчилсан тогтолцоотой нийгэмд хүний эрхийг хангах үндсэн үүрэг нийтлэгээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төрийн механизмд оногддог. Төрийн механизмын аль нэг хэсгийн үйл ажиллагаа нь доголдсон, гажуудсан, гацаа үүссэн тохиолдолд хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэн дүүрэн ажиллаж чадахгүй. Төрийн механизм бүр өөрт оногдсон чиг үүргээ сайтар хэрэгжүүлж ажиллавал хүний эрхийн асуудал дээр ахиц дэвшил гарна.
Хүний эрхийг хангах эсэх нь сонгуулийн хооронд нэг удаа мөнгө тараагаад, эсвэл байшин барьж өгөөд шийдчихдэг асуудал биш. Харин төрөөс богино болон урт хугацаанд үр дүнтэй цогц бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тасралтгүй үйл явцаар шийдэгддэг. Хүний эрхүүд нэгийг нь нөгөөгөөс салгаж ойлгох боломжгүй нэгдмэл, харилцан хамаарал бүхий ойлголт учраас хүний эрхийн нэг асуудал хөндөгдвөл өөр бусад төрлийн эрхүүд мөн адил хөндөгддөг.
Энэ цогц бодлого манайд дутагдалтай байгаа учраас хүний эрхийг хамгаалах тогтолцоо сайн ажиллаж чадахгүй байна гэж олон судлаачид дүгнэж байна. Жишээлбэл, “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-аас батлаад 20 орчим жилийн нүүрийг үзэж байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй, “амьгүй” олон хөтөлбөрүүдийн нэг болчихжээ.
-Хүний эрхийн Үндэсний Комисс төрийн механизмд ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ?
-Хүний эрхийн үндэсний байгууллагыг төрийн механизмтай нягт уялдаж ажилладаг хараат бус, бие даасан байгууллага байх ёстой гэдгийг 1993 онд НҮБ-аас баталсан “Парисын зарчмууд” баримт бичигт дурдсан байдаг. Зааг ялгааг нь нарийн сайн ойлгоогүйгээс хүний эрхийн бүх асуудлыг хүний эрхийн байгууллага хариуцах ёстой мэтээр өрөөсгөл ойлгох нь бий. Зарим хүмүүс ХЭҮК-ыг “шүдгүй арслан”-тай зүйрлэдэг. Гэтэл Парисын зарчмаар энэ байгууллага шүдтэй, шүдгүй арслангийн аль нь ч байх нь зохимжгүй гэдгийг заачихсан. Хүний эрхийн үндэсний байгууллага хүний эрхийн ямар асуудал нийгэмд чухлаар тавигдаж байна, түүнийг нь олж хардаг, шийдвэр гаргахад нөлөөлж чаддаг, үүнийгээ удаан хугацааны стратеги, төлөвлөгөөтэй зохион байгуулж, үр дүн гартал нь ажилладаг байх ёстой. Мөн нийгмийг соён гэгээрүүлэх, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх чиглэлээр далайцтай үйл ажиллагаа явуулдаг, түрүүн дурдсанчлан хүний эрхийг тасралтгүй үйл явц болох талаас нь харж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг зохион явуулахыг онцолсон байдаг.
-Тэгвэл энэ чиглэлээр Комисс 2019 онд хүний эрхийн ямар асуудлуудад голчлон анхаарч ажиллав?
-Комиссын 2020 он хүртэл баримтлах үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настны эрхийн чиглэлээр анхаарч ажиллахаар тусгасан. Энэ хүрээнд 2019 онд малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилтийн талаар тусгайлан судалгаа хийж, төрөөс тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор зургаан аймгийн 18 сумыг сонгон авсан. Судалгаагаар малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт тийм ч сайнгүй байгааг ярилцлага, уулзалт хийж, санал асуулга авч, баримт сэлттэй танилцах үеэр баримтжуулж авсан. Ялангуяа уг судалгаагаар энэхүү бүлгийнхний нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн асуудал, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт ямар байгааг судлах зорилготой ажилласан. Судалгааны тайланг нээлттэй танилцууллаа. Мөн ирэх жил УИХ-д өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд тусгахаар төлөвлөж байна.
Бид энэ жил хүний эрхийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Жендэр ба хүний эрх” сургалтыг 21 аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулж зохион байгууллаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй, тэр дундаа жендэрийн ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт шахалтын асуудал шат шатанд гарч байгаа зэрэгт үнэлэлт өгсний үндсэн дээр төрийн байгууллагыг жендэрийн мэдрэмжтэй болгох, жендэрийн тэгш байдлыг төрийн албанд хангахад голлох үүрэг хүлээдэг байгууллагын удирдлага, мөн хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудад сургалтаа чиглүүлсэн юм.
-Сургалтын үр дүн хэр байна?
-Эхний үр дүн боломжийн. Ардчилсан нийгэмд төрийн албан хаагч эрх мэдэлтэй, бүхнийг шийдвэрлэдэг учраас иргэн бөхөлзөх ёстой гэж ажиллах бус, харин үйлчлэх ёстой, тэдний татварын мөнгөөр цалинждаг гэдгээ ойлгож ажиллаж байвал хүний эрхийн соёл юм. Гэхдээ хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх ажил дан ганц сургалтаар шийдэгдчихгүй.
-Ажлын байрны бэлгийн дарамтын асуудал нийгэмд нилээд хөндүүр сэдэв болоод байна. Энэ асуудлаар танай байгууллага хэрхэн ажиллаж байна?
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хуульд заасны дагуу энэ төрлийн гомдлыг ХЭҮК-т гаргадаг. Гэхдээ ажлын байрны бэлгийн дарамт учруулсан байна гэдгийг нь ХЭҮК-оос тогтоогоод холбогдох байгууллагад нь шилжүүлсэн тохиолдолд зохих эрх мэдэл бүхий байгууллага нь буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх замаар асуудлыг эцэслэж шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үздэг. Түүнээс биш ХЭҮК тухайн гомдлыг эцэслэж шийддэг шүүхийн ч юм уу захиргааны байгууллага биш.
Комисс өнгөрсөн хугацаанд УИХ-д өргөн барьдаг хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлдээ ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар олонтаа асуудал дэвшүүлж, шийдвэр гаргуулахаар хандаж байсан. Харин сүүлд төрийн өндөр албан тушаалтан ийм асуудалд холбогдонгуут анхаарч эхэлж байна. Зөвхөн энэ асуудал ч биш, Комиссын илтгэлээр өгсөн аливаа санал, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шийдвэр гаргагчид анхаарч ажиллавал хүний эрхийн нөхцөл байдал одоогийнхоос сайжрах боломжтой.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин