Хүүхдийг баярлуулж байгаа нэртэй хордуулахгүй байцгаая!
Шинэ жилийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд олон хүмүүс өөрийн хүүхдээ болон ойр дотны хүмүүсийнхээ хүүхдүүдэд бэлэг бэлдэж байна. Мэдээж шинэ жилийн баяр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баяр боловч тэд хэдхэн хоногт эрүүл мэндээрээ огцом хохирох нь бий.
Энэ бол амттанаар дүүрсэн ууттай бэлэгнээс үүсэх хор уршиг юм.
Тодруулбал, шинэ жилийн бэлэг нь хэдэн төрлийн бүтээгдэхүүнтэйгээсээ хамаарч 200-400 гр сахар агуулсан байдаг. Жишээлбэл, нэг жигнэмэг 30 гр сахар агуулдаг. Энэ нь насанд хүрсэн хүний бүтэн өдөрт авах чихрийн хэмжээтэй тэнцүү юм.
Сахар нь их илчлэг ялгаруулдаг учир нэг доор их хэмжээгээр хэрэглэх нь аюултай байдаг. Хүн олон төрлийн уураг, амин дэм агуулсан бүтээгдэхүүнээс илчлэгээ нөхөх ёстой. Хэрвээ нэг доор сахар ихтэй бүтээгдэхүүн олныг хэрэглэвэл хоолны дуршил буурдаг. Ингэснээр өөр бусад хэрэгтэй шимт бодис болох уураг, эрдэс, өөх тосоо илчлэг болгон авч чаддаггүй байна.
Харин байнга чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэвэл бие махбодь шим тэжээлийн дутагдалд орж, таргалах эрсдэл үүсдэг. Учир нь сахар их хэрэглэснээс илчлэг илүүдэж, бие махбодод өөх тос болж хуримтлагддаг байна. Энэ нь цаашлаад халдварт бус өвчний үндэс суурь болдог.
Ялангуяа хөөрсөн баярласан хүүхдүүд нэг дор ууттай бэлгээ задлаад идчихдэг. Энэ нь хэдэн бэлэг авснаасаа шалтгаалаад 3-5 хоног амттанд дурлаж, зөвхөн дуртай юмаа идэх хүсэлд автах нь ч бий. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдэдээ бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний шошгон дээрх сахарын хэмжээг анхаарахыг зөвлөж байна. Бүтээгдэхүүний шошго дээр дурдсан шимт бодисын хэмжээг харгалзан үзэж, аль болох чихэр багатай бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй юм.
Үүний тулд та 100 гр хүнсэнд таван гр-аас бага сахар агуулсан бол эрүүл, 5-10 гр байвал анхаарал татахуйц, түүнээс их бол эрүүл бус гэж үздэг гэдгийг санах нь зүйтэй.
Эрдэмтэд хүнсний найрлага дахь сахар нь ходоодны үрэвсэлт өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна ой тогтоолт муутгадаг болохыг баталсан байдаг. Сахар нь хүний хоол боловсруулах систем дэх өвчин тээгч бактериуд нэмэгдэхэд нөлөөлдөг бөгөөд хүнсэн дэх их хэмжээний сахар нь Альцгеймер болон Паркинсоны өвчин зэрэг мэдрэлийн өвчнүүд үүсэх эрсдэлийг ч нэмэгдүүлдэг байна.
Түүнчлэн сахар нь нь бие махбодод дасал үүсгэдэг учраас сахарын хэрэглээг хянахад хүндрэлтэй байдаг. 1918 онд эрдэмтэд сахар нь хар тамхины нэгэн адил дасал үүсгэдэг талаар судалгаа хийж, түүнийгээ ч нотолж байв. Үүнээс гадна сахар хэрэглэх үед серотонин буюу аз жаргалын гормон ялгардаг болохоор хүн тэр мэдрэмжийг мэдрэхийн тулд өөрийн эрхгүй чихэрлэг бүтээгдэхүүн иддэг гэнэ.
Тиймээс үр хүүхдээ амттай хороор баярлуулж байгаа нэртэй хорлохоо больцгооё. Одоо цагт бусдын хүүхдэд чихэр авч өгөхдөө хүртэл эцэг, эхээс нь асуудаг болсон шүү дээ. Хэрвээ та үнэхээр бэлэг сонгомоор байвал ядахдаа тухайн хүүхдэд хэрэгтэй зүйлийг авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, нас насных нь онцлогоос хамаарч ном, оюун ухаан хөгжүүлдэг модон тоглоом, хувцас, дурсгалын зүйлсийг сонгох хэрэгтэй юм.
Сонголт таны гарт учраас та бүхэн заавал ууттай бэлэг авах ёстой мэтээр хэтэрхий бүү туйлшраарай.
Н.Чимгээ