Орос улс дотоодын интернет сүлжээг гадаадаас бүрэн тусгаарлаж чаджээ
ОХУ-ын засгийн газар ойрын үед улс орноо гадаад интернет сүлжээнээс бүрэн салгасан тухай тус улсын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Энэхүү шийдвэрийн дагуу Оросын интернет сүлжээний компаниуд гадаадын сүлжээний тусламжгүйгээр өөрсдийн Домэйн Нэрийн Системийг үүсгэн, дотоод интернет сүлжээг ажиллуулж эхэлжээ.
ОХУ-ын төрийн Дум өнгөрсөн онд хэлэлцэж эхэлсэн “Цифровая Экономика Российской Федерации” тогтоолын дагуу тус хөтөлбөр хэрэгжсэн байна.
Үүний ачаар гадаад орнуудаас өргөн хэмжээний кибер халдлага илэрвэл үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоод сүлжээгээ бүрэн салгах боломжтой болж байгаа юм. Харин нөгөөтээгүүр Оросын эрх баригчид дотооддоо байгаа интернет урсгалыг бүрэн хянах боломжтой болжээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн энэхүү хөтөлбөрийг бэлтгэж эхэлсэн бөгөөд тогтоолыг энэ оны 8-р сард бүрэн баталсан байна.