Саудын Арабын дээд шүүх өнгөрсөн даваа гаригт сэтгүүлч Жамал Хашоггийн аллагад оролцсон гэх таван этгээдэд ялын дээд хэмжээ буюу цаазын ял, гурван этгээдэд насаар нь хорих ял оноожээ. Арабын орнуудын удирдагч нарыг хурцаар шүүмжилдэг байсан Жамал Хашогги нь өнгөрсөн оны 10-р сард Туркийн Стамбул хот дахь Саудын Арабын элчин сайдын яаманд бусдын гарт амиа алдаж дэлхий нийтийг цочроож байсан билээ.
Тус улсын прокурорууд нийт 11 хүнийг мөрдөн шалгасан бөгөөд тэднээс 8 нь Хашоггиийн хэрэгт холбоотой гэж үзсэн бөгөөд түүний амиа алдсан хэргийг санаатай биш, тухайн үед санаандгүй болсон хэрэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хашоггиийн хэргээс болж Саудын Арабын олон улс дахь нэр хүнд багагүй унасан юм. Мөн Хашоггиийг алах захиалгыг тус улсын угсаа залгамжлах хан хүү Мохаммед Бин Салман өгсөн гэдэг хардлага одоог хүртэл арилаагүй байна.
Олон улсын хүний эрхийн байгууллагууд Саудын Арабын засгийн газар ямар ч гэмгүй хүмүүсийг хохироож жинхэнэ буруутныг нуун дарагдуулах гэж байна хэмээн мэдэгдсэн байна.