Унгерн гэж хэн байв аа?
Янз бүрийн угсаатан, үндэстний бүтээсэн олон янзын уламжлалт гэхээр нийгмүүд байсан ба одоо ч байна. Уламжлалт нийгэм нэг бүр нь тухайн ард түмний оюун санааны амьдрал ба эрхэлж ирсэн аж ахуй, үйлдвэрлэлтэй нь юуны өмнө холбогдож төлөвшсөн, хэлбэржсэн байдаг. Ингэхлээр уламжлалт нийгэм нэг бүр нь судалгааны өвөрмөц объект юм.
Уламжлалт нийгэм нэгбүр нь өөрт нь тохирсон гэхээр бие хүмүүс, ард түмнийг бүтээсээр байдаг. Ийм процесс хэдэн зуу, мянган жилээр үргэлжилдэг байна. Гэхдээ тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн болж төлөвшсөн иргэн бүр, бие хүн бүр өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн зорилго, тэмүүлэлтэй, өвөрмөц хувь заяа, амьдралтай байдаг.
Иймэрдүү үзэл, баримтлалын бодит илрэл, жишээ болгож "Унгерн гэж хэн байв?" гэх асуултанд товч хариулъя. Миний энэ өгүүлэл юуны өмнө манай уран бүтээлчдэд сонирхолтой байх болов уу. 2015 оны байдлаар Барон Унгерны талаар нийтдээ 300 шахам ном, товхимол, өгүүлэл, тууж, кино зохиол бичигдэж хэвлэгджээ. Мөн 10 шахам баримтат, уран сайхны кино бүтээгдсэн байна. Азийн морин дивизийн бүрэлдэхүүнд олон угсаатан, үндэстний цэрэг, офицерууд алба хааж байсан болохоор хожим нь Барон Унгерны тухай дурсамжийг мөн олон хүн бичиж, олон хэл дээр хэвлүүлж, бас олон хэл рүү орчуулж тараажээ. Унгерн бол өвөрмөц сонин, онцгой содон бие хүн байсан, тэрээр хачирхмаар намтар түүхтэйн дээр мөн хачин байдлаар хорвоог орхижээ. Унгерн бол 18 үеэрээ зоригт дайчид явсан удмын хүн 1653 оноос эхлэн үе залгамжилсан язгууртан, барон Тэрээр цэргийн сургуулийн сонсогч, ахлах цэрэг, дэслэгч, ахмад, ... хошууч генерал, дэслэгч генерал, "Дайны бурхан". Олон дайнд оролцож, олон шархдаж цусан гавъяаны одон, медалиуд, нэрийн зэвсгээр шагнагдаж явсан эрэлхэг дайчин. Унгерн бол хааны засаглалыг улайран хамгаалагч, Манжийн хааны эфү (хүргэн). Нийслэл Хүрээг гамин цэргийн эзэрхийллээс байлдаж чөлөөлсөн гавъяаныхаа улмаас Монголын хаанаас үе улиран хан, хошой чин ван цол шагнуулсан "Улсыг мандуулагч баатар", Азийн морин дивизийг үндэслэн байгуулагч, авъяаслаг жанжин, цэрэг-улстөрийн өвөрмөц бодлоготон, "эр цэргийн гавъяат үйлсийн эрэлд" явсаар амь эрсэдсэн зоригт рыцарь, олон улсын түүх сонирхдог, олон хэл мэддэг, Азийнхны соёл-иргэншлийг дээдлэн үздэг европ эр, нүүдэлчин-анчин-жуулчны өвөрмөц мэдрэхүй, зөн бүхий шүтлэгтэй нэгэн байв.
Унгерн Өрнийн, Европын соёл-иргэншлийг мөхөж сөнөж буй, цааш цаашдаа хүн төрөлхтөнд хорлол болох төлөв бүхий гэж үзээд түүнээс татгалзахыг, бүр хүч хэрэглэн устгах нь зүйтэй гэж үздэг байжээ. Зөв үзэл, бодол бүхий, ард иргэдээ халамжилдаг хаадууд л төрийн эрх барих, засаглах ёстой гэдэгт Унгерн хатуу итгэж Орос, Монгол, Хятадын хаант засгийг сэргээхийн төлөө тэмцэлд амьдралаа зориулах, энэ хэрэгт зүтгэж гавъяа байгуулахыг мөрөөдөж байв. Богд гэгээнийг хаан ширээнд нь дахин залснаар Унгерн мөнхүү зорилго, мөрөөдлөө ямар нэгэн хэмжээнд биелүүлж, хэрэгжүүлж чаджээ.
Унгерн Нийслэл Хүрээг чөлөөлөхөөр 2 дахин довтлоод аргагүй хүчин мөхөсдөж ухарсан боловч Монголчуудын тал бүрийн дэмжлэг авч, Монгол дайчдаар хүчээ сэлбэж, Монгол дарга нартай хамтран ажиллах болсноор дараа дараагийн тулалдаанд ялалт байгуулж их хэмжээний зэвсэг, хүнс, алт, мөнгө олзолж дивизээ хэд дахин өргөтгөж, хувцас хангамжаа сайжруулж, олон их буу, пулемёттай болж, агт морьдоо ч чанаржуулжээ.
Гамин цэрэгтэй тулалдаж Хүрээг чөлөөлсөн дайн бол Унгерны хувьд нэг сумаар 2 туулай агнасан үйлдэл байв. Тэрээр гагцхүү Монголчуудын төлөө тулалдсан биш бас өөрийнхөө зорилго, эрмэлзлийг хэрэгжүүлэхийн төлөө тулалджээ. Энэхүү дайнд оролцож амь үрэгдэж, шархдаж, хүнд хүчрийг үүрч гарсан олон үндэстний цэрэг эрсийн дурсгалыг Монголчууд бид мартах учиргүй. Нийслэл Хүрээ, Ар Монголыг гамин цэргийн эзэрхийллээс чөлөөлсний ачийг санаж нэгэн цогцолбор хөшөөг бид босгож хүндлэл үзүүлж байх өртэй үлдсэн нь үнэн юм. Ар Монгол цаашид тусгаар улс болж сэргэн мандахын үүд хаалгыг хүчлэн нээсэн гавъяаг оролцсон дайчдад, эздэд нь хамаатуулан үзэх, үнэлэх ёстой.
Унгерн өөрөө этгээд сонин зан авиртайн дээр бусдын сайн мууг таних, мэдрэхдээ тун гаргууд, хүний бодол, санааг нүүр, царайны байдлаар нь шууд тодорхойлдог, сэтгэлзүйчийн авъяастай, өөрийгөө ч сайн захирдаг, бодит байдлыг зөв үзэх, үнэлэх, биеэ эзэмдэх дадлыг сүрхий эзэмшсэн, хатуужил, тэсвэр ихтэй хүн байв. Амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг ч Унгерн тайван, шийдэмхий байдлаар угтаж буучдын суман цэргийн урд айсан шинжгүй цэх зогссоор буудуулжээ. 35 настай Унгерны амьдрал, үхлийн талаарх баримтуудтай танилцаж, элдвээр эргэцүүлэн бодож байхад тэрээр хэрэв 45, 55, 65 насалсансан бол ямар үзэл, бодолтой нэгэн байх байсан бол гэсэн сониуч санаа төрөх ажээ. Тэрээр чухам хэн байсан бэ? Дайн тулааны талбар дээр эр зоригийн ид хавыг үзүүлж, гайхуулж явсан жирийн нэгэн рыцарь тэр биш байв. Хүмүүний ертөнц дэх ёс суртахууны уналт, урвалт, өнгө мөнгөний ноёрхол, уламжлалт нийгмүүдийн эвдрэл, итгэл бишрэлгүй задгайрал, дэг ёсны хомсдол зэргийн эсрэг тэрээр рыцарь зангаар тэмцэж явсан нэгэн бус уу? Хүмүүний ертөнц доройтож задгайрсаар хөөрсөн, төөрсөн, дэг жудаггүй сүргүүд болохнээ! Ингэж болохгүй хүмүүсээ! хэмээн тэрээр хашгичиж явсан ч юм билүү?
Нүгэлт үйлүүдээ цөөлж буян их үйлдэхийг уриалдаг Буддын хүмүүнлэг, энэрэнгүй сурталд автан автсаар байсан Унгерн хэрэв сүүл хэрд хүсэх болсныхоо дагуу Төвд рүү гарч Далай ламын дэргэд очсонсон бол насны эцэст тэрээр хэн болж хувирах байсан бол оо?
Унгерны адал явдлаар дүүрэн, өвөрмөц сонин амьдрал, үйлсийн зарим тал, хэсэг нь монголчууд бидний түүхтэй холбогдож, талархмаар, дурсмаар гус хүргэжээ. Ингэж хэлснээрээ бид Унгерны нүглүүдийг уучлах, цайруулах гээгүй юм шүү. Гавъяа нь гавъяагаараа, нүгэл нь нүглээрээ үнэлэгдэх юм гэж бас байнаа.
Судлаач, профессор Д.Чулуунжав