Шинэ Зеланд улсын 56,000 гаруй иргэд галт зэвсгээ хураалгажээ
Шинэ Зеланд улсын цагдаагийн газар 56,000 гаруй иргэдийн галт зэвсгийг хураан авчээ.
Тус улсын засаг захиргаа иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн тоог бууруулах хөтөлбөрийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сайн дураараа хураалгасан иргэн тухайн галт зэвсгийн үнийн 95 хувийг нөхөн олговор хэлбэрээр авах юм. Тус хөтөлбөр нь энэ оны 4-р сард эхэлж энэ сарын 20-нд дууссан байна.
Энэ оны 3-р сард нэгэн зэвсэглэсэн этгээд Лалын сүмд халдан 50 гаруй хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан билээ. Үүнээс болоод тус улсад галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах ажиллагаа эхлээд байгаа бөгөөд үүний хүрээнд галт зэвсэгтэй иргэдийн тоог огцом бууруулах хөтөлбөр явагдсан нь энэ юм.
Шинэ Зеландын хууль хүчний байгууллага энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн хэмээн үзэж байгаа бол зарим иргэд энэхүү хөтөлбөр нь албан ёсоор буу эзэмших эрхтэй хүмүүсийг хавчиж байна хэмээн мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Шинэ Зеландын 4 иргэн тутмын нэг нь галт зэвсэгтэй гэсэн тооцоо гарчээ. Харин цагдаагийн албаны мэдэгдэж байгаагаар нийт 117 мянган иргэн хууль бусаа галт зэвсэг эзэмшдэг ажээ.