Төв талбай дээрх чулуунуудын өнгө үзэмжийг сайжруулаад дахин байрлуулна гэв
Төв талбайн хоёр талаар байрлуулсан байсан 151 сая төгрөгийн өртөг бүхий 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийт 396 ширхэг чулуун хаалтыг Баасан гарагт хурааж, ачиж явсан байна.
Энэ сарын 16-нд эдгээр чулуунуудыг "иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт халдлагаас сэргийлэх" зорилготойгоор байрлуулсны дараа иргэд, хэвлэл мэдээллийн зүгээс ихээхэн шүүмжлэл ирсэн юм.
Тэгвэл чулуунуудыг яагаад хурааж байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төв талбай дээрх чулуунуудын өнгө үзэмжийг сайжруулах чиглэл өгсөн. Энэ дагуу ажиллаж байна” гэсэн хариулт өгсөн байна.
Өмнө нь хотын дарга С.Амарсайханы зүгээс “Төрийн тусгай хамгаалалтын газраас иргэдийн аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор ийм ажил хийж байгааг ойлгож байна. Гэхдээ яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай" гээд чулуунуудын харагдах байдлыг нь ахиад засахыг үүрэг болгожээ.