Нийгмийн даатгалын илүү төлөлтийг буцаан олгохоор болжээ
Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ. Энэ жил 12449 даатгуулагчид 3.4 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна.
Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог зохицуулалттай.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл төлсөн тооцооны хуудас, өгөгдлийн сангийн мэдээлэлд тулгуурлан илүү төлсөн шимтгэлээ буцаан авах эрх бүхий даатгуулагчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг гаргасан байна.
Мөн даатгуулагч нь илүү төлсөн шимтгэлээ авахын тулд үндсэн ажлынхаа харьяа хандана. Ингэхдээ баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх дэвтэр, иргэний үнэмлэх, даатгуулагчийн нэр дээр нээсэн банкны харилцах дансны тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.
Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчийн хүсэлтийг хүлээн авч, илүү төлсөн шимтгэлийн тооцооллыг хийсний дараа банкин дахь харилцах данс руу нь шилжүүлэх юм.