Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй
АНУ-ын “Боинг” компанийн сансрын хөлөг “CST-100 Starliner” өнгөрсөн баасан гарагт Олон улсын сансрын станц /ОУСС/ руу анхны туршилтын нислэг хийж байх үед гэнэт чиглэлээ өөрчилж, зорилгоо биелүүлж чадсангүй. “Starliner” хөлөг баасан гарагт орон нутгийн цагаар 06.36 цагт АНУ-ын Флорида муж Канавэрал хошуу дахь сансрын буудлаас амжилттай хөөрсөн. АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг энэ үйл явдлыг шууд дамжуулж байсан бөгөөд хөлөг онгоц “Atlas V” пуужин тээвэрлэгчээс амжилттай салж, цаашид нислэгээ үргэлжлүүлсэн байна. Удалгүй дэлхийн тойрог замд “хэвийн бус” байдлаар орсон тухай мэдээлэл ирсэн ч мэргэжилтнүүд хөлгийн тэжээлийг нарнаас хангажээ. Төд удалгүй НАСА шууд дамжуулалтыг зогсоон байна.
НАСА агентлаг хөлгийг дэлхийн тойрог замд оруулахгүй байх шийдвэр гаргаад байна. НАСА агентлагт хөлгийг ОУСС-тай бямба гарагт холбож, дэлхий рүү буцаахаар төлөвлөж байсан ч энэ шийдвэрээ цуцалсан тухай НАСА агентлагийн захиралд Жеймс Брайденстайн мэдээлжээ. Тэрбээр доголдол нислэгийн хугацааг тооцоолох системд алдаа гарснаас үүдэлтэй хэмээн мэдэгджээ. Үүнээс болж хөлөг илүү их түлш шатаах болсон тул ОУСС-т хүрэхэд түлш хүрэлцэхгүй байдалд оржээ.
“Боинг” компанийн бүтээсэн “Starliner” сансрын хөлөг 13 тонн жинтэй, долоон сансрын нисэгчээс бүрдсэн нисэх баг тээвэрлэх, 60 цагийн хугацаанд автомат удирдлагатай нислэг үйлдэх хүчин чадалтай. “Боинг” компани хөлгийг 48 цагийн дотор эх дэлхий рүү буцаахаар төлөвлөж байгаа бөгөөд өмнө нь төлөвлөж байсанчлан Нью Мехико мужийн Уайт Сэндз талбайд буулт хийх ёстой гэнэ.
Өдгөө хөлөг онгоц дэлхийгээс 216 км зайд байгаа аж.