Чингис хааны нутаг өвөл үзэсгэлэнтэй
Цанын баазаараа алдартай Европын хотуудыг өвлийн аяллын топ жагсаалтаас хасч эхэллээ. Энэ нь жуулчид нэгэн хэвийн аяллаас татгалзаж сонирхолтой хэлбэрийг сонгох болсонтой холбоотой. АНУ-ын ‘‘Marie claire” сэтгүүлийн энэ сарын дугаарт өвлийн амралтын долоон шинэ чиглэлийг танилцуулсан байна. Үүнд Исландын халуун рашаан, Канадын Квебек хотын багт наадам, Эстоны мөстсөн нуур, Финландад өвлийн өвгөнийд зочлох, Лапландын туйлын туяа харах, Дубайн хиймэл цаанын бааз болон Чингис хааны төрсөн нутгийн аялал багтжээ. Уг нийтлэлд ‘‘Далайн түвшнээс 1300 метрийн өндөрт байрлах Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэлүүдийн нэг юм.
Монголд өвөл нэлээд хүйтэн болдог ба цас бага ордог. Өвөрмөц соёл, зочломтгой хүмүүс, байгалийн нөөц бүхий эртний энэ газарт орчин үеийг өнгөрсөн түүхээс салгах боломжгүй. Өвлийн улиралд Чингис хааны төрсөн нутаг илүү үзэсгэлэнтэй болдог. Монголд нэг үеэ бодвол экстрим аялал хөгжиж байна. Дэлхийн хаана ч байдаггүй үзэсгэлэнт байгаль, дурсгалт газар олон бий. Гагцхүү, түүнийг анзаарч, байгалийн сайхныг мэдрэн зөв аялах нь чухал. Монголыг өвлийн улиралд цөөн аялагч зорьдог.
Тэд хамгийн гайхалтай улс орны нэг гэж сэтгэл хангалуун буцдаг. Монголчуудын уламжлалт шинэ жилийн баяр буюу Цагаан сараар энд ирэх нь зүйтэй болов уу. Цагаан сарын баяр Буддын шашны сүм хийд дэх залбирлын ёслолоор эхэлдэг. Энэ үеэр Монголчууд үндэсний хувцсаараа гоёдог. Монгол Улсын гол аэропорт нь Улаанбаатарын ойролцоох “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал юм. Европын аялагчид ихэвчлэн ОХУ-аар дамждаг бол АНУ-ын иргэд Бээжингээр дайран Монголд хөл тавьдаг. Европын жуулчдын хувьд домогт Транссибирийн төмөр замыг сонгож Москвагаас Улаанбаатарт хүрэхийг илүүд үздэг. Галт тэрэгний тасалбарын үнэ 260 евро. Дэлхийн улс орнуудад экстрим аяллын үнэ 100-500 ам.долларт хэлбэлздэг. Харин Монголд ОХУ-ыг бодвол харьцангуй бага зардлаар аялах боломжтой. Тухайлбал, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл нуурын үзэсгэлэнт нутгаар дөрвөн өдөр аялахад 250 ам.доллар хангалттай” гэсэн байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин