2 газраас цалин авдаг том толгойтой, эрх мэдэлтэй төрийн албан хаагчид!
Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа эсэх, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгалаа.
Гэтэл тус шалгалтаар эхний ээлжид дараах зөрчил илрээд байна. Үүнд:
- Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадуур 960 мянган төгрөгийн урамшуулал хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
- Албан тушаалтан С нь үндсэн ажлын хажуугаар хуулийн этгээдийн нэрээр нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлж байжээ.
- Өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон албан тушаалтан Б-д 2014 оны 05 дугаар сараас эхлэн 2019 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр төлж байсан.
- Албан тушаалтан Б нь үндсэн ажлаас гадна хувийн компаниас 9.4 сая төгрөгийн цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл давхар төлүүлж байв.
- Албан тушаалтан М нь аж ахуйн нэгж болон төрийн өмчит үйлдвэрийн газраас нийт 11.2 сая төгрөгийн цалин, урамшуулал авч, нийгмийн даатгалын шимтгэлийг давхар төлүүлжээ.
Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хязгаарлалт болон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17-д “үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил, үүрэг эрхлэхгүй байх” гэсэн заалт бий.
Үүнээс гадна АТГ ажил, хөдөлмөр эрхлээгүй байхад ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, өндөр насны тэтгэврийг өндөр хэмжээгээр тогтоолгох үүднээс аж ахуйн нэгж, байгууллагаар худал мэдээлэл гаргуулсан, тэтгэврийг үндэслэлгүй тогтоолгосон зэрэг Нийгмийн даатгалын тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй нэр бүхий хуулийн этгээдийг шалгуулахаар холбогдох материалыг нь харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна.
Хуульд нийтийн албан тушаалтанд багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил эрхлэх, Татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аяллын зэргээр давхар ажил эрхэлж болно. Мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг эрхэлж болохоор зохицуулж өгсөн байдаг.
Гэтэл төрийн албаны шалгалтыг нь өгөөд төрийн байгууллагад ажилладаг хуулиа ягштал биелүүлэх ёстой хүмүүс энэ мэт зөрчлийг гаргажээ.
Хэн нь 2 байгууллагаар нийгмийн даатгуулаа төлүүлээд хэн нь хувиараа хөдөлмөр эрхлэн олсон орлогынхоо ихэнхийг татварт өгөх ёстой вэ?
Төрийн албан хаагчид хувийн байгууллагын ажилчдыг бодвол улирал бүр, жилийн эцсээр урамшуулал бодуулж авдаг. Тэгсэн хэрнээ яг юу хийгээд байгаа нь тодорхойгүй, хуруу дарж цаг бөглөсөн орон тоонууд дүүрэн байдаг. Дээр нь нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн харьцааны соёл, ёс суртахууны талаар яриад ч хэрэггүй.
Тийм байж дор бүрнээ л улсаас хэрхэн, яаж мөнгө идэх үү гэдэг дээр толгойгоо тултал нь ажиллуулах юм. Ер нь төрийн албан хаагчид иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгийг яс махандаа тултал ойлгож, ард иргэдэд үйлчлэх ёстой гэдгээ ухамсарламаар байна.
Хурган хэр хэмжээндээ л эрх мэдлээ хэтрүүлэн ашиглачих юм. Төр засаг нь мөнгө иднэ, алба хаагчид нь бүхий л боломжит аргаараа хууль зөрчинө. Энэ "ТӨР" чинь хаа хаанаа луйварчин, гэмт хэрэгтнүүдээр дүүрчээ!!!
Э.Анударь