Дэлхийн соронзон хойд туйл Сибирийг чиглэн асар хурдтайгаар нүүж байна
Манай гаригийн 2 соронзон туйл, тэр дундаа хойд туйл асар хурдтай Сибирийг чиглэн нүүж байгааг дэлхийн газар зүйн нийгэмлэг тогтоожээ. Сүүлийн 40 гаруй жилийн тур хойд туйл Канадын хойд хэсгээс Сибирийг чиглэн нүүж байгаа нь эрдэмтдийг гайхшруулсаар байгаа юм.
"Хойд туйл үргэлж хөдөлгөөнд байдаг бөгөөд дэлхийн цөм дэх соронзон төмөрлөгийн хөдөлгөөнөөс шалтгаалж байршил нь өөрчлөгддөг юм. Харин сүүлийн 100 жилийн хугацаанд бараг хөдөлгөөнгүй байсан туйл 80-аад оноос эхлэн асар хурдацтайгаар нүүж эхэлсэн нь бидний гайхшралыг бараад байгаа юм." гэж Геологийн Хүрээлэнгийн эрдэмтэн Артур Пенделтон ярьжээ.
Дэлхийн туйлуудыг эрт цагт луужин ашиглан тогтоодог байсан бол орчин үед хиймэл дагуулаас авсан соронзон орны бүдүүвч зургаар илрүүлдэг болсон юм. Үүний тусламжтайгаар эрдэмтэд туйлын байршлыг асар өндөр нарийвчлалтайгаар гаргаж чаддаг аж.
Хамгийн сүүлд буюу 12-р сарын 18-нд хийсэн судалгаагаар хойд туйл умард зүгийг чиглэн 40 км хөдөлсөн бөгөөд энэ нь сүүлийн 100 жилд байгаагүй хэмжээний том хөдөлгөөн болжээ. Эрдэмтэд мөн 2020 оны дундуур дараагийн соронзон орны зургийг гаргах бөгөөд тухайн үед хойд туйл бүр ч илүү хол нүүх магадлалтай хэмээн үзэж байгаа аж.
"Бид юунаас болоод ийм зүйл болж байгааг тогтоож чадаагүй л байна. Гэхдээ энэ бүх өөрчлөлт байгалийн тогтолцоонд нөлөөлөхгүй" гэж НАСА-ийн төлөөлөгч мэдэгджээ.
Азаар хойд туйлын хурдтай шилжилт нь бидний амьдралд төдийлөн мэдэгдэхгүй, харин тухайн бүс нутагт амьдарч байгаа хүмүүс, хойд туйлын ойролцоо явж байгаа хөлөг онгоцнуудын жолоодлогод л нөлөөлөх юм байна.