Дональд Трампыг Америкийн төлөөлөгчдийн танхимаас буруутай гэж үзлээ
Өнөөдөр АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим ерөнхийлөгч Дональд Трампыг импичмэнт буюу түүний эсрэг шүүх ажиллагаа явуулах шийдвэрт хүрчээ.
Ерөнхийлөгч Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, конгрессоос явуулж буй мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон хэмээн 2 зүйлд буруутгаж байгаа юм.
АНУ-ын төлөөлөгчдийн танхим Трампыг Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцон өөрийн улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн, энэ хэргийг шалгах мөрдлөгийн ажилд хөндлөнгөөс оролдсон болохыг нотлох баримт хангалттай байгаа гэж үзсэнээс ийм шийдвэр гаргасан байна.
Одоо ерөнхийлөгчид цаашдаа итгэл үзүүлэх эсэхийг шийдэх шүүх хурал АНУ-ын сенатын дээд танхимд явагдах юм. Харин сенатын 100 гишүүдийн 2/3 нь түүнд итгэл үзүүлэх боломжгүй гэж үзвэл албан үүргээс чөлөөлөх юм.
Энэхүү шийдвэрийн талаар Ерөнхийлөгч Трамп "Ардчилсан нам улс төрийн эргэлт хийхийг оролдож байна" гэж мэдэгджээ. Одоогийн сөрөг хүчин буюу Ардчилсан нам АНУ-ын төлөөлөгчдийн танхимын ихэнх суудлыг эзэлдэг юм.
Түүхэндээ АНУ хоёр удаа Ерөнхийлөгчдөө итгэл үзүүлэх асуудлаар шүүх хурал хийж байжээ. Гэхдээ дээрх 2 Ерөнхийлөгч нь суудалдаа үлдэж байсан аж.
Дональд Трампын нам буюу Бүгд Найрамдах нам сенатын олонх учраас энэ удаад ч гэсэн ялгаагүй ерөнхийлөгч суудалдаа үлдэх магадлал өндөр байгаа юм.