“Хаан эрдэм” сургуулийн сурагчдын хувьд баасан гариг хамгийн сонирхолтой, хөгжилтэй өдөр нь. Яагаад тэр вэ гэж үү, таеквондогийн хичээл ордог учраас хоног тоолон хүлээдэг юмаа гэж цагаан хувцастай бяцхан багачууд нэгэн дуугаар хариулсан юм.
Хүүхдүүд хонх дуугарангуут хувцсаа хурдхан солиод л таеквондогийн танхим рүүгээ гүйлдэцгээнэ. Зааландаа ороод “Багшаа өнөөдөр шинэ өшиглөлт заах уу?”, “Уралдуудах уу?” “Би хэзээ зэрэг ахих вэ?”, “Би өнөөдөр заавал А сууна” гээд шуугилдацгаав. Хөөцөлдөн гүйж байсан тэд удалгүй л жагсаж зогсоод багштайгаа мэндэлж, дэвжээндээ ёсолж, бие халаалт, сунгалтын дасгал хийж эхэлснээр хичээл эхэлсэн ч шинэ өшиглөлт, суулт, өрөлт заалгахад 45 минут нүд ирмэх зуурт өнгөрөх аж.
Таеквондо нь Өмнөд Солонгосоос гаралтай спорт болохоор тоогоо солонгосоор тоолно, солонгосоор бүх командууд өгдөг юм байна.
“Хаан Эрдэм” сургуулийн таеквондогийн багш Б.Хүчитбаатар “Энэ спорт нь хүүхдүүдийг тэсвэр тэвчээрт сургахаас гадна тулаан гэхээсээ хэн илүү авхаалж, самбаа гаргаж, хэн илүү бодож сэтгэсэн нь амжилт гаргадаг эв зүйн спорт. “Хаан эрдэм” сургуулийн сурагчдын хувьд энэ хичээлдээ маш дуртай, энэ цагийг хүлээж хөөрөлддөг нь хувцас солиулахаар очих бүр харагддаг.
Нэг хичээлийн жилийн сургалт дуусахад сурагчдын бүх талын сунгалт сайжирч, таеквондогийн үндсэн бүх өшиглөлтүүдийг сурсан байдаг. Тулааны техникийг хүүхдийн онцлогоос хамааран дунд эсвэл дундаас дээгүүр түвшинд эзэмшүүлж төгсгөдөг” гэсэн юм.
Бага насны хүүхдүүдэд аливаа спортыг сонгон хичээллүүлэхдээ бие болон оюуны хөгжилд нь тааруулан болгоомжтой сонгох шаардлагатай. Тиймээс ч бусад спортыг бодвол таеквондогийн спорт биеийн хөгжил бүрэн гүйцээгүй бага насныхны биеийн галбирыг өөрчлөхгүйгээр жигд, маш зөв хөгжүүлдэг онцлогтой учраас “Хаан Эрдэм” сургууль Таеквондогийн спортыг сонгосон гэдгийг тус сургуулийн захирал С.Одмандах онцолж байсан.
Хичээлийн хөтөлбөрт оруулсанаас гадна энэ спортоор тууштай хичээллэх, илүү үр дүнд хүрэх зорилготой хүүхэд залууст зориулан “Олимпийн таеквондогийн Хаан Эрдэм” клубыг ажиллуулдаг юм байна.
М.Зүйр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин