Ажил хаялтын улмаас Францад 100 мянга гаруй барилга цахилгаангүй болжээ
Франц улсын иргэд тэтгэврийн шинэчилсэн хуулийн төслийг эсэргүүцэн олон нийтийн ажил хаялт, жагсаал зэргийг зохион байгуулж байгаа билээ. Үүний улмаас нийт 100 мянга гаруй орон сууц, оффис зэрэг газрууд цахилгаангүй болсон байна. Орон даяар 13 хоногийн турш үргэлжилж байгаа энэхүү ажил хаялтын улмаас нийтийн тээвэр мөн бүрэн зогссон байна.
Эмч сувилагч, дүрэмт хувцастай Эйр Франсын ажилтнууд, урт хар өнгийн өмсгөл өмссөн хуульчид гээд Францын бүх давхарга эсэргүүцлийн жагсаалд нэгджээ.
Мөн Францын үйлдвэрчний эвлэл аялал жуучлалын төв болсон хотууд болох Лион болон Канн зэрэг хотуудад ажил хаялт зарлахыг уриалснаас болоод тус улсын жуучлалын салбар их хэмжээний хохирол амсах төлөвтэй болсон байна.
Дотоод хэргийн яам 620 мянга гаруй иргэд жагсаж байгаа гэж мэдэгдсэн бол "Le Monde" сонин нийт 1.8 сая гаруй иргэд жагсаж байгаа гэсэн тооцоог гаргажээ. Шинэчилсэн хуулийн дагуу тэтгэврийн нас 64 болж нэмэгдэх бөгөөд тэтгэвэрт хамрагдах ажлын шалгуур хэт өндөр болох юм байна.