Томоохон технологийн компаниуд Конго улсад хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн хэмээн шүүхэд дуудагджээ
Олон улсын хүний эрхийн байгууллага "International Rights Advocates" технологийн аваргууд болох "Apple", "Google", "Dell", "Microsoft", "Tesla" зэрэг компаниудыг Конго улсад хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн хэмээн АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын шүүхэд өгсөн байна.
Дээрх компаниуд нь ухаалаг утас, компьютер, цахилгаан автомашины батарей бүтээхэд ашигладаг түүхий эд болох кобальтыг олборлохын тулд Конго дахь тарчиг амьдралтай айлын хүүхдүүдийг хүчээр хөдөлмөрлүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа юм. Мөн Конго дахь 14 гэр бүлүүд кобальтын уурхайд хүүхэд нь амиа алдсан хэмээн гомдол гаргажээ.
Батарей үйлдвэрлэхэд ашиглагддаг гол түүхий эд болох кобальтын эдийн гол нийлүүлэгч нь Конго улс юм. Тус улсад байгалийн баялаг элбэг байдаг ч олон жилийн иргэний дайнаас болж ихэнх иргэд нь ядууралд нэрвэгдээд байгаа. Үүнээс үүдэн ихэнх гэр бүлүүд хүүхдүүдээ аюултай нөхцөлд хөдөлмөр эрхлүүлэхээс өөр аргагүй болсон байна.
Дэлхийн томоохон технологийн компаниуд түүхий эд, ялангуяа кобальтыг шууд өөрсдөө олборлодог бөгөөд үүндээ ихэвчлэн хүүхдүүдийг ашигладаг юм байна. Мөн "International Rights Advocates" уурхайчин хүүхдүүд дэндүү бага цалинтай, бараг боолын хөдөлмөр эрхэлдэг гэж мэдэгджээ.
Орчин үеийн ихэнх технологи нь кобальтаар хийсэн лити батарей ашигладаг бөгөөд Конго улс дэлхийн кобальтын хэрэгцээний 60 гаруй хувийг дангаараа нийлүүлдэг аж. Кобальтаар хэт их амьсгалсан хүн халуурах, үрэвсэх, бамбай булчирхайн өвчлөлтэй болдог юм. Зарим өвчтөнд зүрхний дутагдал, хараа, сонсгол муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэнэ. "International Rights Advocates" ихэнх уурхайд ажилладаг хүүхдүүд насан туршдаа эрэмдэг болдог тухай мэдээлжээ.