Согтуурсан үедээ өндрөөс үсрэх гэж байсан эрийг эсэн мэнд буулгажээ
"Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 13 дугаар хорооллын 9 дүгээр байр 9 давхар орон сууцны байрны дээврээс хүн үсрэх гээд байна" гэсэн дуудлага 2019.12.17-ны өдрийн 07:48 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 08:10 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б /27 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Иймд баяр ёслол, байгууллага хамт олны шинэ жилийн үдэшлэг, цэнгээний үеэр архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж амь нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Г.Сүрэн