Хятад улс анхны дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээвэрлэгчээ далайд гаргажээ
БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны цэргийн зориулалттай нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоо далайд гаргажээ. Тус хөлөг онгоц нь "Шан Дон" хэмээх нэртэй бөгөөд нийт 315 метр урт, 75 метр өргөн хэмжээтэй, 70,000 тонн жинтэй юм.
БНХАУ-ын усан цэрэг анх 1998 онд ЗХУ-ын хэрэгцээнээс хассан "Варя" нисэх онгоц тээвэрлэгчийг худалдан авч засаж сайжруулан, нэрийг нь “Ляонинь” хэмээн өөрчилж байжээ. Тус хөлөг онгоц нь Хятадын Ардын чөлөөлөх армийн цорын ганц тээвэрлэгч байсан бөгөөд тус шинэ хөлөг онгоцыг "Варя"-ын загвараас санаа авч бүтээсэн байна.
Нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоц нь дэлхийн аль ч хэсэгт шууд цохилт өгч, бие даан жижиг хэмжээний дайн хийх чадалтай учраас хамгийн чухал зэвсэглэлийн тоонд ордог юм.
Тус хөлөг онгоцыг бүтээхийн тулд нийт 6 жил зарцуулсан бөгөөд энэ хооронд нийт 4.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэж Ардын чөлөөлөх армийн төлөөлөгч мэдэгджээ. Ийнхүү Хятад улс 2 нисэх онгоц тээвэрлэгчтэй болж үүгээрээ Азидаа тэргүүлэх болсон ч гол өрсөлдөгч болох АНУ-аас хэд дахин бага хөлөг онгоцтой хэвээр байгаа юм.
Одоогийн байдлаар Хятад улс 2021 онд гурав дахь тээвэрлэгч хөлөг онгоцоо үйлдвэрлэж дуусах төлөвтэй байгаа бөгөөд түүнийг дэлхийн альч нисэх онгоц тээвэрлэгчээс илүү боловсронгуй технологитой бүтээхийг зорьж байгаа гэнэ.
Дэлхийн хамгийн олон нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцтой орон нь АНУ бөгөөд тус улсын тэнгисийн цэрэг нийт 10 нисэх тээвэрлэгчтэй юм байна. Тэдний 6 нь боомт дээр байрладаг бол 4 нь байнгын эргүүл хийдэг аж.