Ш.Алтантуяагийн аллагыг Малайзын экс Ерөнхий сайд захиалсан гэв
Монголын иргэн Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт буруутгагдсан Азила Хадри, Сирул Азхар Умар нарын хэргийн талаар шинэ эд мөрийн баримт илэрчээ. Тодруулбал, Азила Хадри нь Малайзын Ерөнхий сайд асан Абдул Разак Багинда Ш.Алтантуяагийн аллагыг захиалсан, Абдулын туслах байсан Муса Сафри тухайн ажиллагааг удирдан зохион байгуулсан гэж мэдэгдсэн байна.
Азила Хадрийн хэлж буйгаар Ш.Алтантуяа 2006 онд амиа алдсан бөгөөд тухайн үед Малайзын батлан хамгаалахын сайд байсан Абдул Разак Ш.Алтантуяаг “Гадаадын тагнуул” гэж нэрлэн алах захиалга өгч байсан аж.
Азилах Хадри, Сирул Азхар Умар нар 2009 цаазын ял сонссон бөгөөд ялаа хөнгөлүүлэхийн тулд Малайзын дээд шүүхэд хандаад байгаа юм. Азилах Хадри өдгөө Малайзад хоригдож байгаа бол Сирул Азхар Умар Австрали улс руу оргон зайлсан юм. Тэрбээр өдгөө цагаачдын түр саатуулах хоригдох байранд байгаа аж. Түүнийг хүлээлгэж өгөхийг Малайзын тал хүссэн боловч Австрали улс хүний эрхийн үүднээс цаазын ял сонссон хүмүүсийг авч үлдэх шийдвэр гаргаад буй юм.
Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу нь Малайзын засгийн газарт охиных нь хэргийг ахин сөхөх хүсэлтийг удаа дараа тавьж байсан бөгөөд түүний хүсэлтийг дээд шүүх хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.
Харин Ерөнхий сайд асан Нажиб Разак Малайзын тэтгэврийн сангаас их хэмжээний мөнгө завшсан хэмээн шүүгдэж байгаа бөгөөд тэрбээр Ш.Алтантуяагийн хэрэгтэй ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдээд байгаа аж.