АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өсөлт сүүлийн 4 жилийн дээд хэмжээнд хүрэв
Хятад болон АНУ-ын хооронд шинэ худалдааны хэлэлцээр хийгдсэний дараа "Wall Street"-ын хөрөнгийн биржүүд дээрх хувьцааны ханш огцом нэмэгдэж, сүүлийн 4 жилийн амжилтыг эвдэв.
"Dow Jones"-ын дундаж ханш 100.51 нэгжээр өсөж 28.455.89 нэгж болсон бол "S&P 500" өдрийн эцэст 3.191.45-д хүрч 0.7 хувиар өссөн байна. Мөн "Nasdaq Composite" 0.9 хувиар өсөж 8,814.23-т хүрчээ.
“Энэ бол миний бүтэн жилийн турш хэлж байсан зүйл шүү дээ. Худалдааны хэлэлцээрийн үр дүнд технологийн компаниудын царцаагаад байсан хөрөнгө ахин эргэлтэд орсноор ийнхүү эдийн засгийн сэргэлт эхэлж байгаа юм.” гэж "Бокех Капитал"-ын үүсгэн байгуулагч Ким Форрест хэлэв.
Технологийн компаниудын хувьцааны ханш дунджаар 0.9 хувиар өсөж дээд амжилт тогтоосноор "Micron Technology"-ийн 3.4 хувийн өсөлт, "Western Digital"-т 4.1 хувийн өсөлт гарсан байна. "Goldman Sachs" нь "Dow"-ийг бүх цаг үеийн өндөр түвшинд гаргахад тусалсан бөгөөд 1.4 хувиар өссөн байна.
Өнгөрсөн 11-р сард Хятадын аж үйлдвэрийн салбарын өсөлт удааширснаар тус улсын засгийн газар АНУ-ын талд буулт хийх болов уу гэсэн хүлээлтийг үүсгээд байсан юм. Үнэхээр ч Хятад АНУ-ын талд ногдуулахаар төлөвлөж байсан татвараа хойшлуулснаар 2 тал шинэ хэлэлцээр хийхээр болсон билээ.
Шинэ хэлэлцээрийн дагуу Хятадын тал АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг буцааж, Хятад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх юм. АНУ-ын сангийн яамны нарийн бичгийн дарга Стивен Мнучин мэдэгдсэнээр ирэх 1-р сард шинэ гараанд 2 тал гарын үсэг зурах аж.