Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга, нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар болон дүүргүүдийн мэргэжилтнүүд, хяналтын гэрээт ажилтнууд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга хэмжээ бол түүхий нүүрсний хэрэглээг хориглох явдал юм. Тус зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаарын сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхэд дүүрэг хоороодын Засаг дарга, хэсгийн ахлагч та бүхний оролцоо хамгийн чухал. Түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан түлшинд шилжүүлж агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье ” гэлээ.
Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай “ 62 дугаар тогтоолын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтын тогтолцооны талаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон хороодтой гэрээ байгуулан ажиллаж буй хяналтын багийн гэрээт ажилтнуудад мэдээлэл өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.
Зөвлөгөөний үеэр “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам” сэдвээр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбек, “Сайжруулсан түлш нийлүүлэлт, борлуулалтын байдал, сайжруулсан түлшний зөв, аюулгүй хэрэглээ” сэдвээр Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар илтгэл хэлэлцүүллээ.
Нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүсэд хамаарагдах 95 хорооны орон тооны бус гэрээт ажилтнуудын агаарын бохирдлыг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 380 хүнийг шалгаруулан Манжуур хотод аялах эрхийн бичиг мөн хороо тус бүрээс байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдсэн шилдэг айл өрхийг шалгаруулан мөнгөн шагналаар шагнав.