Д.Баттулга: 50 тэрбум төгрөг нэмэхгүйгээр нийслэлд бүтээн байгуулалт хийх боломж бий
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
- НИТХ-ын хуралдаанаар автозам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд сөрөг хүчин ямар байр суурьтай байна вэ?
- Өнөөдөр ИТХ-аар сүүлийн үед иргэд бухимдаж, эсэргүүцэж жагсаж байсан асуудлыг шийдэх гэж байна. Хоёр долоо хоногийн өмнө ИТХ хуралдаж, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмж, хотын төсвийг 50 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаж байсан.
Ардчилсан намын бүлгийн зүгээс 2020 оны төсвийг 14 хоногийн өмнө хэлэлцэхэд оролцоогүй. Үүний нэг гол шалтгаан нь авто зам ашигласны хураамжийг тав дахин өсгөх байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр юмны үнэ өсч, хүн амын бодит орлого буурсан энэ үед татварыг нэмэх нь тохиромжгүй гэж үзээд хурлыг хаяж гарч байсан удаатай.
-Тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцалснаар цаашид шинэ зам хүлээх хэрэггүй гэсэн асуудлыг хөндөж байна. Нийслэлийн замыг сайжруулах төсвийг ямар эх үүсвэрээс анхаарах ёстой вэ?
- Анхнаасаа хэлж байсан. Нийслэлд эх үүсвэр нь байгаа. Яагаад гэвэл өнөөдрийн хотын удирдлага сайн ажиллаж чадахгүй байгаа учраас хотын төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тушаахаар шийдсэн. 50 тэрбум төгрөг нэмэхгүйгээр 300 тэрбум төгрөгөөр нийслэлд бүтээн байгуулалт хийх боломж байгаа. Хотод бий болсон хөрөнгийг улсад тушаачихаад, хотын иргэдээс татвараар нэмж мөнгө авна гэдэг бүр шударга бус шүү дээ.
Т.Очир