С.Амарсайхан: Улс төржилтөөс болж шийдвэрээ цуцлахад хүрээд байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Хураамжаар төвлөрүүлэх ёстой байсан хөрөнгийг ямар эх үүсвэрээс төвлөрүүлэх вэ?
- Авто зам ашигласны төлбөр, хураамжийг зайлшгүй нэмэх ёстой байсан учраас 2020 оны төсөвт оруулж тооцсон. Харамсалтай нь, улс төржилтөөс болж энэ шийдвэрээ цуцлахад хүрээд байна. Ус зайлуулах шугам, далан байдаггүй учир зуны цагт хотын ихэнх хэсэг усанд автдаг. Улаанбаатар хотын 470 мянган га талбайн зөвхөн 1,100 км-т авто зам байна.
Гэр хорооллын зам үндсэндээ хатуу хучилттай замгүй гэж хэлж болно. Мөн зөвхөн авто замтай холбож төлбөрийн асуудлыг холбож болохгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлт, дугуйн зам зэрэг олон асуудал бий.
-Шийдвэр гаргахаасаа өмнө иргэдээс санал асуулга асууж болоогүй юу?
-Иргэдийн дунд нэлээн удаан яригдсан асуудал. Зундаа усанд автдаг, өвөл нь хальтиргаа гулгаа ихтэй гээд хүн бүр л ярьдаг. Авто замын хураамжийн асуудал нь өмнө нь хавар ч яригдаж байсан. Авто замын хураамжийг хуулиараа авто замдаа л зарцуулах ёстой.
-Нийслэлийн төсөв задарч, тодотгол хийгдэнэ гэж ойлгож болох уу?
-Сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн гадна тохижилт зэрэг шаардлагатай ажлаас хасаж, авто замын салбарт ажлыг 13 тэрбумаар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, бусад эх үүсвэрээсээ хасаж байна гэсэн үг. Жишээлбэл, нийтийн тээврийн үйлчилгээнд шинээр 100 автобус авах байсан бол 50-ийг авах гэдэг ч юмуу, цэцэрлэгийн тоглоомын талбай, гудамжны гэрэлтүүлэг, явган хүний замыг шинэчлэх гэхчилэн төсвүүдээс хасаж 58 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөхөөр болж байгаа.
Үүний 13 тэрбумыг дээр хэлсэнчлэн бусад бүтээн байгуулалтаас танах бол 45 тэрбумыг өмч хувьчлалаас төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Гэвч энэ нь бүрдэх боломжгүй төсөв батлагдахаар боллоо.
-Утаа мэдрэгчийг арваннэгдүгээр сард багтаан айл өрхүүдэд тараана гэж байсан ч одоог хүртэл хойшлогдож байна. Энэ ажлын явц хэр байна вэ?
-Бид аливаа нэг байгууллагаас биш үйлдвэрээс нь хямд үнээр авч байгаа. Тиймээс үйлдвэрлэхэд хугацаа авч байна. Эхний ээлжийн төхөөрөмжүүд ирж байгаа. Олон улсын стандарт, дотоодын стандартад нийцүүлэх асуудал хийгдэж байна. Энэ сардаа багтаан айл өрхүүдэд тараана.
-Төлбөр нэмэлтийг хүлээн зөвшөөргүй учраас ирэх жил шинэ зам барихгүй, засвар үйлчилгээ хийгдэхгүй гэсэн тайлбарыг албаныхан хэлж байна. Мөн иргэдийн татвар, төлбөрөөс 40-өөд тэрбум төгрөг төвлөрдөг гэж байгаа. Үүгээр ажлуудаа хийж болохгүй юу?
-Нийслэлийн авто замыг сайжруулах, хэрэгцээтэй замыг барьж байгуулах, засвар үйлчилгээнд 40 битгий хэл 400 тэрбум төгрөг ч хүрэхгүй. Тодорхой асуудлыг зориуд улстөржүүлж байна.
100 километрт 40 литр бензин зарцуулдаг HUMMER машин уначихаад замын төлбөрөө төлж чадахгүй гээд жагсаал хийж байна шүү дээ.
Авто зам ашигласны төлбөрийг авахаа болилоо гээд замаа засахгүй гэсэн үг биш. Боломжоороо хийнэ. Мөнгө орж ирвэл хийнэ, орж ирэхгүй бол хийхэд хүндрэл үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын зам гээд томоохон бүтээн байгуулалтууд бүгд зээлээр хийгддэг. Зээлийн хүүг нийслэл төлдөг. Тэр бүгдийг хасаад цаана нь бид замаа шүүрдэхээс өөр мөнгөгүй болдог. Хэрэв сонгууль бодсон бол энэ саналыг анхнаас нь оруулж ирэхгүй байв. Харамсалтай нь бүгд сонгуультой холбож, амьдралаа төлөвлөдөг учраас энэ санал унаж байна.
Т.Очир