Т.Ихтамир: Хууль хүчнийхэн нэгнийгээ шалгадаг тогтолцоог засмаар байгаа юм
Олон улсын хүний эрхийн өдрийг энэ сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Тухайн өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос бусад байгууллагатай хамтран “Эрүүдэн шүүлтийг таслан зогсооё” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Энэ үеэр ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.
-Танай байгууллагад ирүүлж, шийдвэрлэсэн гомдол саналыг төр, засгийн түвшинд хэр анзаарч, анхаарал хандуулдаг юм бэ?
-УИХ-ын нэгдсэн чуулган болон Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцдэг. УИХ-ын нэгдсэн чуулганаар ХЭҮК-ын 18 илтгэлийн хоёрыг, Байнгын хорооны хуралдаанаар 13 илтгэлийг хэлэлцсэн байдаг юм. Харин 2003-2005 онд ХЭҮК-ын илтгэлийг хэлэлцээгүй өнгөрсөн байна. Монгол Улсын Их хурлаас 2002 онд баталсан Эрүүгийн тухай хуульд анх удаа /215 дугаар зүйл/ эрүү шүүлт гэж юу болохыг хуульчилж, гэмт хэрэгт тооцохоор болсон ч энэ нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хамааралтай байсан нь учир дутагдалтай. 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахдаа 21.12 дугаар зүйлд нийт төрийн албан хаагчид хамаарахаар зохицуулсан нь НҮБ-ын Хүний эрхийн конвенцод нийцэхээр болсон юм. УИХ-аас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Тухайн албаны гүйцэтгэж байсан албан тушаалын гэмт хэргийг АТГ, ахуйн чанартайг нь цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэхээр зохицуулсан нь НҮБ-ын Хүний эрхийн болон Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос манай улсад удаа дараа өгсөн зөвлөмжийг зөрчиж, Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй явдал болсон юм.
-Прокурорын байгууллага юм уу Улсын Ерөнхий прокурор ямар нэг эсэргүүцэл илэрхийлж байгаагүй хэрэг үү?
-Үгүй. Харин ч 2015 онд Монгол Улсын ерөнхий прокурорын А65 дугаар тогтоолоор сэжигтэнд эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг тухайн нутаг дэвсгэрийн харьяаллаар цагдаагийн газар, хэлтсийн мөрдөн байцаагч шалгах журам баталсныг шинэчлэн найруулсан Эрүүгийн тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд баталгаажуулсан байдаг. Үүгээр цагдаагийн ажилтан эрүү шүүлт ашигласан бол АТГ, харин Авлигатай тэмцэх газрынхыг тагнуулын байгууллага шалгахаар болсон.
Ийнхүү мөрдөн шалгах албаныхан харилцан бие биеийнхээ үйлдсэн байж болзошгүй эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгаж тогтоох нь энэ төрлийн гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээхгүй, бүрэн дүүрэн илрэхгүй байх магадлалыг илүү өндөр болгож байна гэж бид үздэг. Манай комисст ирж байгаа мэдээ, мэдээлэл ч үүнийг баталдаг.
-Үүнийг та тоо баримтаар баталгаажуулан мэдээлж болох уу?
-Тухайлбал, өнгөрсөн онд эрүү шүүлт тулгасан байж болзошгүй 69 гомдол мэдээлэл ирүүлснээс 22-т нь хэрэг бүртгэлт нээхээс татгалзаж, 46-д нь хэрэг нээж шалгасан байдаг. АТГ-т эрүү шүүлтийн шинж чанартай 41 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасны дотор 20-д нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулсан байгаа юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Судалгаа, мэдээллийн газраас ирүүлсэн материалаас үзэхэд 2017-2018 онд эрүү шүүлт тулгасан гэх нэг ч хэргийг шүүхээр шийдвэрлээгүй байна. Харин ХЭҮК-т өнгөрсөн онд 30, энэ жил эрүү шүүлт тулгасан гэх хэд хэдэн гомдлыг иргэд ирүүлсэн байгаа юм.
Тэдгээрээс үзэхэд цагдаа, хуулийн байгууллагынхан гэмт хэрэгт холбогдсон этгээдийн бие махбод, сэтгэл санаанд аливаа хэлбэрээр дарамт үзүүлж, шаналгаж зовоох, эрүүдэн шүүх, нэр төрийг нь гутаан доромжилж, хүнлэг бусаар харьцах, сүрдүүлэх явдал байсаар байна.
-Бодитой баримт дурдах боломж бий юү?
-Хэнтий аймгийн цагдаагийн газрын нэр бүхий албан хаагчид сэжигтэн Ю нарыг хэл амаар доромжилж, “Ямар хэрэг хийснээ мэдэж байгаа биз дээ” гэж дарамтлах, дух нүүр рүү нь цохих, басамжлах, гавлах зэргээр зүй бус харьцсан байдаг. Түүгээр ч зогсохгүй захаасаа зайрмагтаж эхэлсэн голын усыг хөл нүцгэн туулуулж, цагдаагийн таван ажилтан сэжигтэнд үүрүүлж, нааш цааш голыг гатлуулсан байгаа юм.
ХЭҮК-оос энэ гомдлын мөрөөр ажиллаж, тогтоосон нөхцөл байдлыг үндэслэн эрх бүхий байгууллагад асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн. Гэвч дээрх цагдаагийн ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулаад өнгөрсөн байдаг.
Мөн Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож байсан иргэн Н-ийг ажилтнууд гавлаж байгаад хоёр хөлнийх нь завсраар өшиглөж зодсоноос баруун талын төмсөг хагарч, тухайн орчимд хөх няц болсон хэрэг явдал гарсан. Энэ дагуу шалгахад аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, прокуророос Зөрчлийн тухай хуулийн дагуу “харилцан зодолдсон" гэх үндэслэлээр албан хаагч нэг бүрийг 100 нэгжтэй тэнцэх /100 мянган/ төгрөгөөр торгож шийтгээд хэргийг хаасан байна. Иймэрхүү байдлаар эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл байдал үүсээгүй гэх мэтээр хууль хүчний байгууллагынхан өөрсдийгө хаацайлж, иргэдийг хохироох явдал байсаар байгаад бид анхаарал хандуулах болно.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин