Г.Аюурзанын "Монголын сонгомол өгүүллэг"-ийг франц хэлээр хэвлэв
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Монголын сонгомол өгүүллэг” антологи буюу XX зууны монгол өгүүллэгийн цоморлигийг франц хэлээр хэвлүүлжээ. Монголоос франц хэл рүү орчуулагч Р.Мөнхзул, Парис хотын “Borealia” хэвлэлийн газраас хэвлүүлсэн байна.
Тус, номд Дашдоржийн Нацагдорж, Сэнгийн Эрдэнэ, Цэндийн Доржготов, Балжирын Догмид, Дамбадаржаагийн Намсрай зэрэг 16 зохиолчийн шилмэл 22 өгүүллэг багтсан байдаг. Франц хувилбарыг номын төгсгөлийн өгүүллэг болох зохиолч П.Батхуягийн “Хүрэл зүрх”-ээр нэрлэсэн аж.
“Borealia” хэвлэлийн газар өмнө нь Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”, Л.Өлзийтөгсийн “Аквариум” номыг франц хэлээр хэвлэн түгээсэн бөгөөд аль алийг нь Р.Мөнхзул орчуулсан байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин