Калифорнийн их сургуулийн Ирвайн мөсөн судлаачдын баг дэлхийн хамгийн нам дор газар Зүүн Антарктидын Денман хэмээх бүсэд байгааг тогтоожээ. Тус газар нь далайн түвшнээс 3.5 км-ын доор байрладаг бөгөөд нийт 100 км урт, 20 км өргөнтэй аж.
Энэхүү шинэ нээлтийг Сан Франциско хотод болсон Америкийн геофизикийн холбооны уулзалтад танилцуулсан аж. Ирвин дэх Калифорнийн их сургуулийн Дэлхий системийн шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор, доктор Матью Морлигем энэ төслийг удирдаж байгаа юм.
Морлигем ба түүний баг энэхүү нээлтийг хийхийн тулд "BedMachine" хэмээх шинэ технологийг ашигласан байна. Тэд мөсөн тивийн шинэ газрын зургийг боловсруулсан бөгөөд "BedMachine"-ий тусламжтай илүү нарийвчилсан үзүүлэлт гаргаж ирж чаджээ.
"Олон сарын турш явсны дараа бид ийм дүгнэлтэд хүрсэн юм." гэж Матью Морлигем хэллээ. Антарктикийн хэмжээ аварга том учраас газрын зураг гаргах явц маш удаан үргэлжилсэн болохыг тэрбээр мөн дурдсан юм.
Тус баг радарын хэмжилтийг хиймэл дагуулаас авч түүнийг өндөр нарийвчлалтай гадаргуугийн хөдөлгөөний өгөгдөл, бүс нутгийн цаг уурын загваруудаас авсан цасны хуримтлал зэргийг нэгтгэж, урьд өмнө нь байгаагүй нарийвчлалтайгаар тооцоолох боломжтой болсон байна.