Өнгөрсөн баасан гарагт АНУ, Хятадын албан тушаалтнууд дэлхийн эдийн засгийн хурцадмал байдлыг багасгаж, худалдааны "шинэ үе шат"-д хүрсэн гэдгээ нотолж байсан ч Пентагон Хятадыг Оросоос илүү чухал дайсан болсон гэж мэдэгдэв.
Нью-Йорк дахь Гадаад харилцааны зөвлөлд АНУ-ын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Марк Эспер үг хэлэхдээ Хятадыг олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, жижиг муж улсын тусгаар тогтнолд занал хийлж байгааг буруушаав.
"Өнөө үед Америк ба түүний холбоотнууд найрамдлаа бэхжүүлэх шаардлагатай болсон. Учир нь Хятад улс Оросоос илүү хүчирхэг, илүү нарийн аргатай дайсан болсон" гэж Эспер хэллээ.
Хятадын дарга Ши Жиньпин "Бүс ба Зам" төслийг хэрэгжүүлэн үүгээр дамжуулж цэрэг армиа хүчирхэгжүүлж олон улсын тавцанд нөлөө бүхий шийдвэр гаргахын тулд Ойрх Дорнод, Пакистан, Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун эргийн орнуудад цэргийн бааз барьж байна гэж Америкийн Засгийн газар үзэв. "Бүс ба Зам" санаачилгыг их гүрнүүд Хятадын геополитикийн зэвсэг хэмээн харж хурцаар шүүмжлээд байгаа юм.
Пентагоны зүгээс Хятад арктикийн бүсэд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, цэрэг армиа илгээх болсон гэдгийг анхаарууллаа. Цөмийн дайралтын эсрэг далайд шумбагч хөлгүүдээ арктикт илгээсэн ба Хятадын ашиг сонирхол Грийнлэнд рүү чиглэсэнд Дани улс сэтгэл зовниж байна гэж нэмж мэдээлэв. Грийнлэндэд хиймэл дагуул газардуулах станц, шинэ үеийн нисэх буудлууд, уул уурхай, судалгааны төвүүдээ барих саналыг Бээжингийн зүгээс дэвшүүлсэн байна.
Дэлхийн тавцанд хүч нөлөөгөө нэмж, илүү хүчирхэг агуу гүрэн болохын тулд Хятадын засгийн газар гадны цэргийн арга барил, дотоод нууцыг хакердаж байгаа гэж Вашингтон буруутгасаар ирсэн. Мөн тэд цэргийн тагнан турших үйл ажиллагаанаас гадна хөрөнгө оруулах, бараа бүтээгдэхүүн импортлох, судалгааны төвүүд байгуулах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр Хятадуудыг хулгай хийж байна гэж үздэг.
Нөгөө талаар Бээжин цэргийн дэвшилтэт технологи бүхий зэвсгүүдээр армиа цэнэглэж байна. 2019 онд Шинконг-2 дуунаас хурдан тээврийн хэрэгслүүдээ амжилттай туршсан ба Батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэх гэж байгаа тухай Пентагон мэдээлжээ.