Хөлбөмбөгчин Месут Озил Уйгарчуудыг дэмжсэнээс болж Хятад улс Арсеналын тоглолтыг цаашид гаргахааргүй болжээ
Английн “Арсенал” багийн тоглогч Месут Озил Хятад дахь уйгаруудын асуудлыг хөндөж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр “Дорнод Туркестан бол исламын шашинтнуудыг ад үзэн, гадуурхдаг газар боллоо. Хятадууд коран судрыг шатааж, исламын сүм хийдийг хаан, шашны зүтгэлтнүүдийг алан хядаж байна. Эрчүүдийг шорон, цөллөгт явуулж, гэр бүлийг нь хятадуудтай хамт амьдрахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Гэвч исламын шашинтнууд энэ талаар огт дуугарахгүй, чимээгүй байх юм. Уйгаруудыг хэн ч өмөөрөхгүй байгаа нь хачирхалтай” гэсэн мэдэгдэл хийсэн байна.
Тэгвэл БНХАУ-ын засгийн газрын удирдлага дор байдаг CCTV телевиз “Арсенал” багийн тоглолтыг цаашид нэвтрүүлэхгүй гэх шийдвэр гаргажээ. Хятад улс нийт 187 сая хөл бөмбөгийн шүтэн бишрэгчидтэйгээрээ дэлхийд тэргүүлдэг юм. Тиймээс энэхүү шийдвэр нь Пример Лигт хүнд цохилт болно гэж шүүмжлэгчид үзжээ.
НҮБ-ын 2018 оны тайлангаас үзэхэд шорон, хорих лагерьт нэг сая уйгар хүн хоригдож байгаа гэнэ. Исламын шашинтнуудыг бөөнөөр хорих газар байгуулахыг анх Ши Жиньпин санаачилсан. 2014 онд Ши Жиньпинийг Уйгарт анх удаа ирэхэд нь уйгарууд хоёр бөмбөг дэлбэлж, 119 хүн амиа алдаж байсан юм. Өнгөрсөн долдугаар сард 22 улс НҮБ-т хандан, Хятадад уйгаруудыг хоморголон хядаж байгаад анхаарлаа хандуулахыг хүссэн мэдэгдэл гаргасан. Хариуд нь Хятадын Засгийн газраас “Алан хядагчидтай хийх тэмцлийн дүнд бид Шинжаанд мэргэжлийн сургалтын төв байгуулсан. Энэ бол хорих газар биш” гэж мэдэгдсэн юм.