Иракийн Анбар мужийн Фаллужа хотоос хойд зүгт 5 км-ийн зайд орших Саклавияах хэмээх газар 2016 онд аллагад өртөж, амиа алдсан 643 энгийн иргэний булш олджээ. Албаны эх сурвалж хэлэхдээ хохирогчид бүгд аль-Мухамдада хэмээх овгийн хүмүүс бөгөөд тэднийг 2016 онд ор сураггүй алга болсон хэмээн тооцож байсан юм.
Иракийн хүчнийхэн болон Ираны дэмжлэгтэй Шиа Ардын Дэмжих Нэгжийн цэргүүд Фаллужа хот болон түүний ойролцоох газруудыг алан хядагчдаас чөлөөлсөн юм. Хохирогчдын гавлын яс, хувцасны үлдэгдэл зэргийг судалсны үр дүнд тэднийг хоморголон алсан байна гэж Рамади хотын шүүх эмнэлгийн эх сурвалж мэдээлэв.
Засгийн газрын албан тушаалтнууд хэлэхдээ тус газарт Исламын улс бүлэглэл бус Иракаас салан тусгаарлах үзэлтэй этгээдүүд ноёрхлоо тогтоогоод байжээ.
Хэдэн сарын өмнө мөн эндээс холгүй газраас 200 гаруй хүний цогцос олдож байсан аж. Засгийн газраас яг ямар хүмүүс энэ хэрэгт холбогдсон болохыг тодруулах зорилгоор мөрдлөгийн баг томилжээ.